Сүүлийн хэд хоногийн турш Хятадын хөрөнгийн биржийн хувьцааны үнэ огцом унаж, гадаад болон дотоодын олон компаниуд ихээхэн хэмжээний алдагдал хүлээгээд байна.
Хятадын энэхүү эдийн засгийн уналт нь дэлхийн томоохон биржүүдэд ч нөлөөлж, дэлхийн тэрбумтнууд нэг өдрийн дотор 23 тэрбумын алдагдал хүлээсэн тухай мэдээллийг Bloomberg дамжуулжээ.
Уг мэдээнд дурьдсанаар,
- Ван Жианлин/Dalian Wanda Group/: -$3.6 тэрбум
- Билл Гейтс/Microsoft/: -$3.2 тэрбум
- Жефф Безос/Amazon/: -$2.6 тэрбум
- Уоррен Баффет: -$2 тэрбум
- Марк Цукерберг/Facebook/: -$1.7 тэрбум
- Ларри Эллисон/Oracle/: -$1.6 тэрбум
- Карлос Слим/Telmex, Grupo Carso/: -$1.6 тэрбум
- Аманчио Ортега/Inditex/: -$1.5 тэрбум
- Чарльз Кох/Koch Industries/: -$1.3 тэрбум
- Девид Кох/Koch Industries/: -$1.3 тэрбумыг тус тус алдсан байна.
Ийнхүү огцом уналтад орсон хөрөнгийн бирждээ амь тариа хийх зорилгоор БНХАУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар бууруулж, 4.6 хувь болголоо. Тус банк арваннэгдүгээр сараас хойш хүүгийн түвшинээ тав дахь удаагаа бууруулж байгаа нь энэ юм.
Төв банкнаас "Эдийн засгийн бодит, эрүүл өсөлтийг дэмжиж, нэмэлт санхүүжилт олгох зорилгоор бодлогын хүүг бууруулсан " гэдгийг онцлон мэдэгджээ.
Бодлогын хүүг бууруулж, арилжааны банкны зайлшгүй нөөцийн хэмжээг 0.5 хувиар багасгасан шийдвэрийн дараа биржүүдэд хувьцаануудын ханш эргэн өсч эхэлсэн нааштай үр дүн гарч байна.
Тухайлбал Лондонгийн Хөрөнгийн биржийн “FTSE 100” индекс гурван хувиар өссөн бол Германы “Dax “индекс таван хувиар чангарч, Парисын “CAC” индекс 4.1 хувиар тус тус өсчээ. Харин БНХАУ-ын Хөрөнгийн биржийн жишиг индекс “Shanghai Composite” 7.6 хувийн алдагдалтайгаар арилжааг хаалаа. Лиссабон, Мадрид, Москва, Милан зэрэг Европын бусад зах зээлүүдэд нааштай үр дүн ажиглагдсан байна. Гэхдээ “Wall Street”-д энэ хандлага ажиглагдсангүй. АНУ-ын хөрөнгийн биржийн гол гурван индексийн үнэ арилжааны сүүлийн цагт огцом унажээ. Dow Jones индекс 1.3 хувиар буурсан бол S&P 500 индекс 1.4 хувийн бууралттай хаагдсан байна.
Гэхдээ бодлогын хүү багассанаар банкуудаас авах зээлийн эрэлт нэмэгдэж, хумигдаад буй зах зээл тэлнэ гэсэн хүлээлт үүсээд байна.
Н.ЦЭНД