БНХАУ фашизм, Японы түрэмгийллийн эсрэг дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд идэвхтэй бэлтгэж байна. Тэгвэл мягмар гаригт Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Жанбэй хошуун дахь Монгол-Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлжээ.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улс, ОХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-дын ажилтнууд, Жанчхүү хотын удирдлага, БНХАУ-ын ГХЯ, БХЯ-ны албаны хүмүүс болон Чөлөөлөх дайнд оролцсон Монголын ахмад дайчид, уг дайнд баатарлагаар тулалдаж амь насаа алдсан эрэлхэг дайчдын ар гэрийнхний төлөөлөл оролцсон юм.
Цэцэг өргөх арга хэмжээний үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цэдэнжавын Сүхбаатар, ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Андрей Денисов, Жанчхүү хотын орлогч дарга Жоу Лиминь болон ахмад дайчин МУСГЗ Э.Лувсанбалдан нар үг хэлэв.
Ахмад дайчид болох 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон тухайн үед Хилийн цэргийн Хэрлэнгийн 31 дүгээр отрядын цэрэг байлдагч Төмөрийн Бат-Очир, мөн 8 дугаар морьт 23 дугаар хороо, 6 дугаар сумангийн нам эвлэлийн дарга Эрэнцэнгийн Лувсанбалдан нар энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Эдгээр ахмад дайчдын хувьд 94-95 настай.
Жанчхүүгийн даваанд байрлах уг байгууламж нь 1945 онд баригдсан, 396 метр квадрат талбайтай, нийт таван хэсгээс бүтдэг юм байна.
Монголын ардын армийн 21 мянга гаруй хувьсгалт цэрэг 1945 онд Японы түрэмгийлэгчдээс Хятадыг чөлөөлөх дайнд Эрээн-Жанчхүү, Долонуур-Жэхэ гэсэн хоёр чиглэлээр оролцсон байдаг. 1945 оны Чөлөөлөх дайны хамгийн хүнд, ширүүн тулаан Жанчхүүгийн даваанд болсон бөгөөд Монголын ардын армийн эрэлхэг баатар Аюуш, Жанчив зэрэг 13 дайчин энэ тулаанд амиа алдсан билээ.
Жанчхүүгийн давааны бэхлэлтийг эвдэж, Японы цэргийн томоохон бүлэглэлийг устгах ширүүн тулалдаан наймдугаар сарын 19-21-нд болсон юм.
1945 онд дайнд Монгол ардын хувьсгалт цэргээс (МАХЦ) нас барсан, шархадсан, сураггүй болсон дайчдын дурсгалд зориулан Жанчхүүгийн даваанд хөшөө босгожээ. Харин 1957 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шийдвэрээр хөшөөг цамхаг болгон шинэчилсэн байна. Цамхагийг тойруулан цэцэрлэгт хүрээлэн барьсан бөгөөд энэхүү бунхан нийт 13 га талбайг эзэлж байна. Мөн бунханы эргэн тойронд мод тарьж, цэцэрлэгжүүлсэн бөгөөд одоо музей шинэчлэн барьж байгаа аж.
1945 оны Чөлөөлөх дайны хамгийн хүнд, ширүүн тулаан Жанчхүүгийн даваанд болсон бөгөөд Монголын ардын армийн эрэлхэг баатар Аюуш, Жанчив зэрэг 13 дайчин энэ тулаанд амиа алдсан билээ.
- Лувсанцэрэнгийн Аюуш
- Магсар Жанчив
- Б.Сахьяа
- Манлайн Жүгдэр
- Пэлжээн Нямаа
- Гомбосүрэнгийн Дашдондог
- Тувааны Самданжамц
- Цэрэннадмидийн Маамуу
- Доон Дагва
- Гүнээн Лхамрагчаа
- Галсангийн Чулуунбат
- Сандагийн Шагдар
- Батын Пүрэв
Ирэх есдүгээр сарын 3-ны өдөр Бээжин хотноо болох 1945 оны чөлөөлөх дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойд зориулсан баярын парадын бэлтгэлд Ардын чөлөөлөх армийн 12 мянган цэрэг, байлдааны 200 онгоц оролцож байгаа аж. Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монголын цэрэг эрс бэлтгэлээ 10 гаруй орны цэргүүдтэй Бээжин хотын төв дэх Тянь Ань Миний талбайг дуурайлган хийсэн талбайд хийж байна. Уг арга хэмжээнд дэлхийн 20 орны төрийн тэргүүн хүрэлцэн ирэхээр болсон тухай БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Чэн Гопин мэдээллээд байна.
Ч.БОЛОР