Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

Сайдыг сугалуулъя

Тавантолгойг гацааж, МАН-ыг засгаас хөөхийг яг өөрийнхөө хүссэнээрээ шийдсэн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд энэ удаад тун эвгүй байдалд байна. Тэр өмнө нь Ч.Сайханбилэгийн  “ҮЗХ-гоо хуралдуулж, намын дарга нь Ерөнхий сайд байх” шаардлагыг тоож хэлэлцээгүй шиг З.Энхболдын илгээсэн “2015 оны есдүгээр сарын 06-ны дотор Монгол Улсын Ерөнхий сайд Та шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг УИХ-д өргөн барих”-ыг хүссэн албан тоотыг  Ч.Сайханбилэг авч хэлэлцэхгүй нь тодорхой болов.

Засгийн газрын тухай хуульд хэдийгээр "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно” гэсэн заалт бий ч энэ хугацаанд сайд нарынхаа асуудлыг өргөн бариагүй тохиолдолд Ерөнхий сайдтай хариуцлага тооцно гэсэн үг, өгүүлбэр хуульд нэг ч байхгүй.

Чухам иймээс Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрийн мэдээлснээр УИХ-ын намрын чуулганд зургаан сайдынхаа асуудлыг оруулахаар Ч.Сайханбилэг төлөвлөж, намын дарга З.Энхболдын хүсэлтийг хүлээж авахгүйгээр барахгүй өөртөө тун ч итгэлтэй байна.

Учир нь, тэрбээр З.Энхболдын санал болгосон Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, З.Баянсэлэнгэ нартай хамтарч ажиллахгүй гэдгээ дуулгаж, танхимынхаа сайдуудыг өөрөө оруулж ирэх эрхийг бүлгээсээ авч чадсан юм. Гэвч, түүний оруулж ирсэн хүмүүсийг намын дарга З.Энхболд эргүүлээд дэмжээгүй гэх.

Ч.Сайханбилэг нь З.Энхболдтойгоо зөвшилцлөө гэхэд бүлэг нь бас дэмжихгүй байх магадлал өндөр. Бүгдээрээ л сайд болох гэж амбицлаад байгаа хүмүүс шүү дээ.  Яг л нөгөө “Хонх нь дуугарахаар дамар нь таг. Хоёулаа дуугарахаар лам нь таг” гэдэг шиг.

Энэ удаагийн сайдын суудлыг АН-ч тэр, “Шударга ёс” эвсэл ч  “бэлэгний алчуур”-нд өгч буй нь үнэн ч, эм зүйчээр Зам тээврийг удирдуулж,, Эдийн засгийн хөгжлийн “саад”-аар хөрөнгийн сангаа хариуцуулах нь Ч.Сайханбилэгт таатай санагдаагүй л байлгүй. Тэр улсын Ерөнхий сайд болохоос ямар  “бор халзан хонь”-д маллах  малчин биш шүү дээ, үнэндээ.

Үнэнийг хэлэхэд МАН-ын зургаагийн оронд хэнийг оруулахаа АН-ынхан тохиролцож дөнгөхгүй, өдий хүртэл засгийн ажлыг уяах болсон  фракциудынх нь гол “зодоон” өрнөж буй ганц яам  бол Зам тээвэр. Өөрөөр хэлбэл, Зам тээврийн яамыг булаацалдсан улс төрийн бүлэглэлүүдийн тэмцэл намрын чуулган хүртэл үргэлжлэх шинжтэй байна.  Тэгэхээр намрын чуулган болтол ямар ч байсан Шийдлийн Засгийн газар эмхэтгэгдэж чадахгүй, УИХ-ын дарга З.Энхболд хүсэлт тавьж,  албан тоот хүргүүлээд ч  Ч.Сайханбилэг сайдуудаа ирэх сарын 6-наас өмнө оруулж ирэхгүй нь ойлгомжтой болов. УИХ-ын дарга удахгүй /наймдугаар сарын 31/-нд АНУ-г зорино. УИХ-ын даргыг ирэхтэй зэрэгцээд, Ерөнхийлөгч Бээжинд болох чөлөөлөх дайны 70 жилийн ойн баярт оролцоно. Ерөнхийлөгчийг ирэнгүүт зөрөөд Ерөнхий сайд мөн Хятадыг зорино. Ерөнхий сайд хэдий завандаа  Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд, хэдийдээ сайдуудаа УИХ-д өргөн барих юм бэ? 

Хорь хоногийн хугацаанд нэрсээ тохирч чадахгүй байж, хуульд заасан хугацаанаас өмнө засгийн асуудлаа УИХ-д өргөн барих нь юу л бол.

Энэ удаагийн сайдын суудлыг АН-ч тэр, “Шударга ёс” эвсэл ч  “бэлэгний алчуур”-нд өгч буй нь үнэн ч, эм зүйчээр Зам тээврийг удирдуулж,, Эдийн засгийн хөгжлийн “саад”-аар хөрөнгийн сангаа хариуцуулах нь Ч.Сайханбилэгт таатай санагдаагүй л байлгүй. Тэр улсын Ерөнхий сайд болохоос ямар  “бор халзан хонь”-д маллах  малчин биш шүү дээ, үнэндээ.

Өнгөрсөн өдрүүдэд, саарал ордонд өдөр бүр тоглогдож байгаа жүжгийг харахад  “Чамд гурав, надад гуравхан” гэгчээр оногдсон сайдын суудал  нь АН-д чамлалттай байгаа нь илт.  Чухамдаа бол сайд салбарын хүн байх нь чухал биш, сайдын суудлаар хэнийгээ мялаах  нь АН-ын фракциудын ам хэлээ олохгүй байгаа гол асуудал.  Нэгэнтээ тэд хоорондоо зөвшилцөж, асуудлаа хүн шиг ярилцаад шийдэж чадахгүйгээс хойш өөр нэгэн “гоё” хувилбарыг санал болгоё. Цэцэрлэгийн хүүхдүүдийн сурах эрхийг сугалаагаар шийдчихэж болно гэж боддог хүмүүс “Зовлонгийн түргэн нь дээр” гээд хэнийгээ сайд болгохоо лотогоор шийдчихвэл, яасан юм бэ, АН-ынхан. Аль, алиндаа гомдолгүй, ардаа ч хар буруу санахгүй, амар биш үү?

Тэгээд ч сугалаанд хожсон “азтан”-тайгаа арай ч хамтарч ажиллахгүй гэж Ч.Сайханбилэг сайд хэлэхгүй биз. Тэртээ тэргүй хэн ч байлаа гэсэн хэдхэн сарын хугацаанд ах дүү хамаатан саднаа ажилтай болгож, арван зургаан оны сонгуулийн мөнгөө олж авна уу л гэхээс ард түмний амьдралыг гялайлгана гэвэл үлгэрийн далай. Үлгэрт зөвхөн хүүхдүүд л итгэдэг биз дээ.

АН-ын Гүйцэтгэх зөвлөл МАН-ыг хөөх шийдвэрээ  гаргах  үедээ л анхнаасаа хэнийгээ сайд болгохоо сугалаагаар шийдчихсэн бол асуудалгүй байв. Ядахнаа л хоорондоо “алалцаад” байхгүй, ард нь Монголын төр засгийн ажил гацахгүй юм даа.  

                    Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж