Холбооны цомын тэмцээний 1/8 шигшээд өрсөлдөх эрхийн төлөө “Сонирхогчдын УАШТ”-ий аварга “Баянгол ФС” болон Хүрхрээ үндэсний дээд лигийн “Соёмбын Барсууд” багууд тоглолоо. Уг тоглолт МХБХ-ны ногоон талбайд болсон бөгөөд мэдээж лигийн баг сонирхогчдын лигийн багтай тоглож ганцхан тоглолтын хувь заяагаар бүхнийг шийдэж байгаа учир туйлын хариуцлагтай бас сонирхолтой байлаа. Тэр тусмаа энэ жил цом өргөөд амжсан сонирхогчдын улсын аварга “Баянгол ФС” багаас хөгжөөн дэмжигчид амжилтыг харж байсан нь тодорхой.
Гэхдээ дээд лигийн статустай “Соёмбын Барсууд” баг эрэмбээ харуулж өрсөлдөгч багаа үндсэн цагт 2:1 харьцаатай буулгаж авлаа. Тэд өнгөрөгч тойрогт өөрсдийн гол өрсөлдөгч болоод байгаа “Дэрэн” клубтэй 1:1 харьцаатай тэнцэж Хүрхрээ лигийн анхны оноогоо авч чадсан нь тэдэнд урам зориг өгж улмаар дараа дараагийн тоглолтын эрч хүчийг олгосон гэж хэлж болно.
Мөн "Соёмбын Барсууд" багийн хаалгач лигийн тоглолтонд торгуулын цохилт хааж багтаа тэнцээний нэг оноог авчирч байсан бол энэ удаа ч мөн эргэлтийн цэгт “Баянгол ФС” багийн 11 метрийн цохилтыг хааснаар өөрийгөө ямар ур чадвар өндөртэй болохоо харууллаа. Түүний хаасан бөмбөг улмаар талбайн төв рүү шилжиж тооны харьцаа 2:0 болоход хүрсэн.
"Баянгол ФС" сүүлийн 2 тоглолтонд хожигдол амсаад байна. Өөрөөр хэлбэл Хүрхрээ үндэсний нэгдүгээр лиг болон "Холбооны Цом" тэмцээнд ялагдлаа. Хожил байгуулсан "Соёмбын Барсууд" баг цомын төлөө цааш өрсөлдсөөр байх болно. Тэд Хүрхрээ лигийн тэргүүлэгч "ФС Улаанбаатар" болон сонирхогчдын лигийн "Жепро" багуудын ялсантай өрсөлдөнө.
ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn