Зайсангийн хорихыг хэн ч тоохгүй нь

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

Зайсангийн хорихыг хэн ч тоохгүй нь

Зайсангийн хорих гэгддэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар/ШШГЕГ/-ын 401, 411 дүгээр хорих ангиудын барилга, газрыг дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрч байна. “Хүүхдийн хорих 411 дүгээр анги болон дамжин өнгөрүүлэх 401 дүгээр ангиудыг худалдаж олсон мөнгийг нэгдсэн хорих анги барихад нэмэрлэнэ” гэж өнгөрсөн дөрөвдүгээр сард тус байгууллагын удирдлагууд мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч хотын төвөөс илүү үнэд ороод байгаа Зайсангийн ойролцоох тус барилга, газрыг хэн ч сонирхохгүй байгаа бололтой. Өнгөрсөн хугацаанд гурван ч удаа дуудлага худалдаа зарласан хэдий ч нэг ч иргэн, аж ахуй нэгж сонирхож ирээгүй байна. Төрийн өмчийн хорооноос 5.3 га газар бүхий 29 нэр төрлийн үл хөдлөх хөрөнгийг анхандаа 9.750 тэрбум төгрөгөөс эхлэн дуудахаар төлөвлөж байсан ч дуудлага худалдаанд оролцогч байхгүй учраас дээрх үнийг 7.7 тэрбум болгон бууруулсан байна.

Хоёр гүүр давж хосгүй баян амьдрах, үйл ажиллагаа явуулах хүсэлтэй хүмүүс тус объектийг сонирхохгүй байгаа шалтгаан юу вэ. Хоригдлууд байсан газрыг худалдан авах нь зүйд нийцэхгүй гэсэн мухар сүсэг, 29 барилгыг нураахад багагүй мөнгө зарцуулагдана гэх тооцоо, хорих анги байрлаж байсан газарт үйл ажиллагаа явууллаа гэхэд ашиг орлого, амжилт олохгүй гэсэн таамаг байгаа гэдгийг бизнесийнхэн нуугаагүй байна.

Ямартай ч хорих ангиудыг худалдаалж нэгдсэн хорих ангийн барилгыг барьж дуусах мөнгө олох ажил нэг хэсэгтээ саатах бололтой.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж