Ногоочид ургацын баяртаа урьж байна

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

Ногоочид ургацын баяртаа урьж байна

Өөрийн үр хүүхдүүдээсээ ч илүү тордож, арчилж, хайрлаж ургуулсан шинэхэн ногоо, тэдний хөдөлмөрийн үр дүн биелэлээ олжээ. Жил бүрийн энэ цагт ногоочид  цугларч, шинэхэн ногоогоо хэрэглэгч танд улам ойртуулдаг юм. АНУ-ын Глобал Коммунитс ОУБ, ХХААЯ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран гурав дахь жилдээ “COOP’S FARM MARКET” үзэсгэлэн худалдааг зохион явуулж байгаа нь энэ юм.

Энэ удаагийн үзэсгэлэн “Монголд ургуулж, үйлдвэрлэснийг бид сонгодог” уриан дор 53 бүлэг, хоршооны 700 гаруй ногоочдыг нэгтгэж, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул  аймгуудын 20 гаруй үйлдвэрлэгчид бүтээлээ дэлгэж, ургацын баяраа тэмдэглэж байна. Ногоочдын үзэсгэлэнд дутуу ногоо гэж алга. Эх орны минь хөрсөнд ургасан төмс, лууван, байцаа гэх зэрэг бүдүүн ногоо болон жижиг том огурци, улаан помидор, амтат чинжүү, навчит байцаа, яншуй, гоньд,  хулуу, хаш, брокли бүх л төрлийн нарийн ногоог манайхан ургуулжээ. 

Шинэ ногоогоо хэрэглэгчдийн таашаалд нийцүүлж байгаа ногоочид таныг ургацын баяртаа урьж байна. Барилгачдын талбайд бүтэн сарын турш үргэлжлэх үзэсгэлэн худалдаанд зөгийн аж ахуй эрхлэгчид мөн хүрэлцэн иржээ. Тус үзэсгэлэнгийн үеэр Глобал коммунист ОУБ-ийн мэргэжилтэн Ц.Оюунчулуун “Ногоо тариалдаг ихэнх хүмүүс зөгийн аж ахуй эрхэлдэгийн тод жишээ нь Сэлэнгийн Шаамар сумынхан юм. Аж ахуй нэгжүүд хоршоо байгуулж хамтын бизнес эрхлэх нь мэдээлэл солилцох маш том дэвшил” гэдгийг  онцолж байлаа. Таван жил ногоо тарьж байгаа Сэлэнгэ аймгийн Зүүнмөрөнгийн ногоочин Д.Нарангарав энэ жил Өвөр Монголоос шар тарвасны үр авч суулгажээ. Түүнийг нь ч иргэд ихээхэн сонирхон, худалдан авч харагдлаа. Хэрэглэгчдийг татаад байгаа ургацынх нь талаар Д.Нарангараваас асуухад “Шар тарвас их шүүслэг, зөөлөн амттай бөгөөд 20 сорт үр тариад нэг тонн шар тарвас хурааж авдаг.  Энэ жил хөрс  хуурай байсан учир усалгаатай газраас л ногоо хураасан” гэж товчхон тайлбарлав.

 

Ц.Гантөмөр:ЦЭЦГИЙН ТООС 500 ГАРУЙ ЭМИЙН УРГАМЛЫН ШИМИЙГ АГУУЛДАГ

Шаамар сумын ногоочин, зөгийчин Ц.Гантөмөрөөс зөгийн ашиг тусын талаар  тодрууллаа.

Зөгийн балыг хичнээн янзаар, хэрхэн эм болгож хэрэглэх вэ?

– Зөгийн балыг таван янзаар хэрэглэдэг. Усанд уусгаж хэрэглэдэг нь ходоодонд нөлөөлдөг. Хэл доор уусгах нь зүрх, элэг, бөөр, нойр булчирхайд сайн.  Цэвэр сүүнд хутгаж уух нь астам, улаанхоолой, харшил, уушигт сайн нөлөөтэй. Мөн түрхлэг маягаар хэрэглэж болно. Амны хөндий гэмтэх, нуруу, үе мөч өвдөх үед түрхэнэ. Бүсгүйчүүд нүүрэнд маск хийхээс гадна 300 гр цэвэр зөгийн балыг 100 ширхэг  шилмүүстэй хольж хийгээд усанд ордог. Ингэснээр бүх биеэрээ зөгийн балны шим тэжээлийг авах юм. Энэ нь арьсаа залуугаар нь хадгалах боломжтой.

Хүмүүс ихэвчлэн зөгийн балыг усанд найруулж уудаг. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Таван янзаар усанд уусгаж ууж болно. Ингэхдээ ядаргаагаа сэргээе гэвэл усаа буцалгаад бүлээн болсны дараа зөгийн балаа хийнэ. Ходоодонд хоол шингэхгүй, бие организм тааруу үед рашаантай хольж уудаг. Мөн ходоод өвдөхөд  таван салааны хандтай хольж, ходоод өвчилсөн, улаалт үүссэн гэх үед цэвэр чацарганы тосыг нэг халбага зөгийн балан дээр гурав дусаагаад усаар даруулж хэрэглэж болно.

Зөгийнөөс хэчнээн төрлийн бүтээгдэхүүн гаргаж авч байна вэ?

-Зөгийнөөс 12 төрлийн бүтээгдэхүүн авдаг. Миний хувьд гурван төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Хатаасан зөгий, цэвэр зөгийн бал, цэцгийн тоос. Цэцгийн тоосыг зөгийний талх гэдэг. Хүний эрүүл мэндэд маш сайн. Манай улсад  ургадаг 500 гаруй нь төрлийн эмийн ургамлын шим тэжээл нь цэцгийн тоосонд агуулагддаг. Үүний хэрэглэснээр хүн хоол тэжээлээс авах ёстой энерги, уураг, алдагдлаа нөхөж чаддаг.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж