Сагсан бөмбөгийн &#34Чингис хаан кап&#34 тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн &#34Чингис хаан кап&#34 тэмцээн эхэллээ

-Өнөөдөр тэмцээний нээлтийн тоглолт 18:00 цагаас Спортын төв ордонд Залуучуудын шигшээ болон ОХУ-Эрхүү хотын багуудын хооронд болно-

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Чингис хаан кап-2015” тэмцээн өнөөдөр Спортын төв ордонд 18.00 цагаас эхэлнэ. Анх удаа болж буй энэхүү тэмцээн тав хоногийн турш Спортын төв ордон болон Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд зохион байгуулагдана. Тэмцээнд БНАСАУ-ын үндэсний шигшээ, ОХУ-Эрхүү хотын шигшээ баг болон манай улсаас дөрван баг оролцох юм. Тодруулбал, манай улсын 1 болон 2-р шигшээ багуудаас гадна өнгөрсөн 7 сард Өмнөд Солонгосын Гванжау хотноо болсон Дэлхийн оюутан залуучуудын Универсиад наадамд 17-р байранд шалгарсан Залуучуудын шигшээ баг өнгөрсөн улирлын Супер лигийн Үндэсний аварга "Альянс Тех Харцага" багууд өрсөлдөнө.

Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан сагсан бөмбөгийн арвин түүхтэй БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг манай улсад анх удаа айлчлан тоглолт хийх гэж байна.

Өчигдөр тэмцээний сугалаа явагдаж “А” хэсэгт Монгол улсын үндэсний шигшээ баг,  “Альянс Тех Харцага”, БНАСАУ Үндэсний шигшээ багууд, “Б” хэсэгт Монгол улсын 2-р шигшээ мөн Залуучуудын шигшээ болон ОХУ-Эрхүү хотын багууд тус тус багтсан байна. Өнөөдөр тэмцээний нээлтийн тоглолт 18:00 цагаас Спортын төв ордонд Залуучуудын шигшээ болон ОХУ-Эрхүү хотын багуудын хооронд болох бол 2 дахь тоглолт 20:00 цагаас “Альянс Тех Харцага”- БНАСАУ-ын үндэсний шигшээ багуудын хооронд болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж