Энэ сарын 19-ний өдөр манай улсад эхэлсэн 16 хүртэлх насны шатарчдын Дэлхийн олимпиад өндөрлөхөд гурван өрөг үлдлээ. "Хүннү молл" төвд болж буй өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиадад 20 улсын 35 баг швейцарь оноолтын 10 тавилд тоглож байна.
Тэмцээнийг долоон өргийн дараах байдлаар Иран улсын баг 6 хожил, 1 хожигдолтойгоор 21,5 оноогоор тэргүүлж байгаа бол Унгар 4 хожил, 3 тэнцээ (18.0), Энэтхэг (19.5) 4 хожил, 2 тэнцээ, 1 хожигдолтойгоор удаалж байна. Харин манай улсын баг 5 хожил, 2 хожигдолтой IV байрт бичигдэж эхэлсэн бол ОХУ, Турк, Казахстан, Монгол-1, Сингапур, БНХАУ-ын багууд V-X байрт бичигдэж байна.
Тэмцээний найм дахь өргийн тоглолт өнөөдөр болох бөгөөд олимпиад энэ сарын 28-ны өдөр өндөрлөнө. Тэмцээний дүнг http://chess-results.com-с харна уу.
Дашрамд дурьдахад, Тэмцээнийг үзэж сонирхохоор Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч К.Илюмжинов Монголд ирсэн бөгөөд тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголд шатрын ордон барьж өгөх амлалт нь хэвээрээ байгаа гээд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, шатрын ордон барих газар хүсэх бодолтой хэмээн өгүүлсэн байсан юм.
Фотог ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОР