Оюутнууд их, дээд сургуулийн төлбөр хоёр сая төгрөгт хүрсэнийг өндөрт тооцон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, хичээлээ хаяна гэж мэдэгдээд байна. Салбарын сайд ч төлбөрийн хэмжээгээ бууруулахыг шаардан сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлээд буй. Дээд боловсролын төлбөрийг өндөрт тооцон хэл ам, хэрүүл тэмцэл хийхээр шийдээд байхад ерөнхий боловсролын сургуулийн төлбөр тэнгэрт гарч, 50 сая төгрөгт хүрснийг анзаарах, анхаарах сэхээтэй хүн нэг ч байхгүй бололтой. Хэдийгээр амьдралын боломжтой, 50 хүртэлх сая төгрөгийн төлбөр төлөхдөө хотойхооргүй баячуудын хүүхдүүд суралцдаг гэгдэх ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зүгээс хувийн сургуулиудын төлбөрийн хэмжээ, сургалтын чанар, орчинтой дүйцэж байгаа эсэхийг ядахдаа судалгаа хийж, шалгаж үздзэггүй нь гайхмаар.
“Хувийн сургуулиудын удирдлагуудад төлбөрөө нэм, бууруул гэх боломж хуулийн хүрээнд бидэнд байхгүй. Бидэнд байгаа ганц бололцоо бол тухайн сургуулийн эрхийг түдгэлзүүлэх, цуцлах” гэж салбарын сайд Л.Гантөмөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байх юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч бүрээр нь тооцон нэг жилд 350 орчим мянган төгрөгийн хувьсах зардлыг улсаас өгдөг. Гэхдээ энэ тэтгэмжийг улсын, хувийн гэж ялгалгүйгээр олгодог юм байна. Ийнхүү улсаас хувийн 100 гаруй сургуулийг алагчлалгүй хувьсах зардлыг нь өгөөд байхад тэд ашгийн төлөө хэт улайрч төлбөрөө нэмэлгүй харин ч бууруулж болмоор л санагдах юм. Ингээд хувийн сургуулиудын төлбөрийг сонирхуулъя.
“International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургууль төлбөр хамгийн өндөрт тооцогдож байна. Тус сургуулийн бага ангийн сурагч жилд 18 мянган ам.доллар, дунд ангийнх 22 мянган ам.доллар, ахлах ангийн сурагчид 24 мянган ам.доллар төлж суралцах шаардлагатай юм байна. Энэ нь өмнөх оны төлбөрөөс гурав орчим мянган ам.доллараар нэмэгдсэн дүн аж. Тус сургуулийн нэг ангийн хүүхдүүдийн талаас илүү хувь гадаадаас манай улсад суугаа иргэдийн хүүхдүүд эзэлдэг байна. Иймээс ч төлбөр нь харьцангуй өндөр гэнэ.
“Аmerican school of Ulaanbaatar” сургуулийн төлбөрөө дөрвөн сая төгрөгөөр нэмж 13-20 сая төгрөг болгожээ. 2006 онд байгуулагдсан тус сургууль нь гадаадаас мэргэжлийн багш нарыг урьж ажиллуулан олон улсын сургуулиудын хөтөлбөрийн дагуу сургалтаа явуулдаг гэдгээрээ онцлогтой гэж тус сургуулийн ажилтан хэллээ. Мөн төгсөгчид нь Канад, Их Британи зэрэг Ази, Европийн орнуудын сургуулиудын элсэн суралцах бүрэн боломжтой гэнэ. “Олонлог” сургуулийн төлбөр нь 4.5 сая төгрөг бөгөөд сургалтын төлбөрөө нэмээгүй сургуулиудын нэг юм байна. Тус сургууль нь математикийн боловсролыг олон улсын төвшинд хүргэх боломж бүхий багш нарын чадварлаг багтай, төгсөгчид нь гадаадын их, дээд сургууль, коллежид саадгүй элсэн суралцах боломжтой аж.
“Ulaanbaatar elite international school” сургуулийн төлбөр нь энэ жил нэг сая төгрөгөөр нэмэгдэж дунд ангийн төлбөр арван сая төгрөг, ахлах ангийн сурагчдынх 12 сая төгрөг болжээ.
“Сант” сургуулийн төлбөр нь зургаан сая төгрөг, “Гурван тамир” сургуулийнх 1.8 сая төгрөг, “Монгени” цогцолборын төлбөр нь 1.5 сая төгрөг, “Гёте” сургуулийнх таван сая төгрөг, “Үй цай” сургуулийн төлбөр нь 2.6-4.2 сая төгрөг юм байна.
Д.ЖАРГАЛ