Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс гаргасан судалгаагаар нийт ажилгүйчүүдийн 67 хувь нь залуучууд байна гэжээ. Монгол Улсын хэмжээнд 150-160 мянган ажилгүй иргэн бүртгэгдсэнээс 100 орчим мянган нь 18-39 насны залуучууд байна. Жил ирэх бүр залуучууд ажилгүй болох нь ихэсч, ажилгүйдэл залуужих хандлагад оржээ. Гэхдээ залуучууд ажилгүй суугаа нь олон талын шалтгаантай гэнэ. Тухайлбал, ажил олгогчид ихэвчлэн ажлын туршлага харж, ажилтнаа сонгодог тухай Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Бэлгүтэй ярив.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Залуучуудын хөдөлмөрийн төв бирж 11 мянган залууг ажилд оруулж өгчээ. Гэвч энэ тоо нэг жилийн дараа 3000 болон буурсан байна. Харин өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 11 мянган залуусын 169 нь л хоёр жилийн өмнө очсон ажлын байраа тууштай хадгалж үлджээ. Шалтгаан нь мөн л хоёр талтай. Улс орны эдийн засаг хямарч, хувийн байгууллага, аж ахуй нэжгжүүдийн үйл ажиллагаа доголдож, эдийн засгаа хэмнэхийн тулд бүтэц дотроо цомхотгол хийжээ. Нөгөө талдаа ажилд ороод удаагүй залуус удирдлагуудтайгаа ойлголцож, цалингаа тохиролцож чаддаггүйтэй холбоотой аж.
Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг "Залуусын өдөр" болгон Монгол Улс тэмдэглэдэг. Дөрөв дахь жилдээ тохиож буй "Залуусын өдөр"-ийг Монголын залуучуудын холбооноос "Амьдралын тус" аяныг зохион байгуулан тэмдэглэлээ. Энэ хүрээнд залуучуудын ажилд зуучлах хөдөлмөрийн яармагийг явуулсан. Мөн зөвхөн залуусыг ажлын байранд зуучлаад зогсохгүй 21 аймаг 333 сумын хүрээнд хариу нэхээгүй тусламжийн аяныг зохион байгуулж, амьдралын боломж тааруу бяцхан дүү нарынхаа хичээлийн хэрэгслийг сэтгэлээрээ бэлдэж өгөхийг залуучуудад уриалжээ.
Залуучуудын хөдөлмөрийн төв биржид цагийн ажил хийх сонирхолтой иргэд ихээр ханддаг гэнэ. Жишээлбэл, 100 хүн цагийн ажилд орохоор бүртгүүлсэнээс 90 нь найдвартай ажилладаг байна. Харин байнгын тогтвортой ажлын байранд 100 хүн зуучилснаас долоон нь л шууд ажилладаг гэжээ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ