Хятадын дарга нарын тэмцэл

Хуучирсан мэдээ: 2015.08.26-нд нийтлэгдсэн

Хятадын дарга нарын тэмцэл

Хятадын дарга Си Жинпин /зүүн/, Ху Жинтао /төв/ Зян Зэминь /баруун/ 2014 оны есдүгээр сарын 30.

 

Хятадын дарга Си Жинпин улс төрийн өрсөлдөгч Зян Земиний эсрэг анхны алхамаа хийлээ. Тэрээр Хятадын экс дарга Зян Зэминь болон түүний хоёр хүүгийн эрх чөлөөг тодорхой хэмжээгээр хязгаарлан нэг ёсондоо гэрийн хорионд оруулсан байна. Түүнчлэн Зянгийн ойрын хүрээний хүн болох Зен Цинхуныг ч мөн дээрх аргаар эрх чөлөөг нь хязгаарлажээ. Энэ бол Зян Зэминийг албан ёсоор баривчлахад хүмүүсийн сэтгэл санааг бэлтгэж байгаа хэрэг аж.

 

Учир нь Аюулгүй байдлын албаны дарга асан Жоу Юнканыг баривчлахыг өмнө түүний эргэн тойрны хүмүүсийг баривчлах замаар дарамт үзүүлж байв. Жоу Юнканыг авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцыг санаатайгаар задруулсан зэрэг хэрэгт буруутган өнгөрсөн зургадугаар сард бүх насаар нь хорих ял оноосон билээ. Үүнээс үзвэл Хятадын дарга Си Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажил нь улстөрийн өрсөлдөгчдөө намнах нэг хэрэгслүүр мэт харагдаж байна. Магадгүй ирэх хавар Зян Зэминийг авлигын хэрэгт сэжиглэн шалгаж эхлэхийг үгүйсгэх аргагүй.

 

Зян Зэминь 1989-2002 оны хооронд Хятадын Коммунист намын дарга байв. Тэрээр албан тушаалаасаа буусаны дараах хоёр жилийн турш армийн тэргүүнээр үлдсэн байжээ. Энэ хооронд тэрээр Коммунист намын улстөр, хуулийн асуудал хариуцсан төв хороог Луо Ганд, аюулгүй байдлын албыг Жоу Юнканд өгсөн байв. Жоу Юнканы мэдэлд байсан аюулгүй байдлын алба бол жилийн 120 тэрбум ам.долларын төсөвтэй армиас нүсэр аж.

 

Си Жинпин Хятадын дарга болсноос хойш хоёр жил хагасын хугацаанд Зян Зэминий улс төрийн хэлхээ холбоог тасалж, өөрийг нь торондоо оруулахаар үйл ажиллагаа явуулж иржээ. Учир нь Хятадын тэтгэвэртээ гарсан Коммунист намын дарга нар залгамжлагчидаа хараандаа байлгаж, ажил үүрэгт нь хөндлөнгөөс нөлөөлөх хүчтэй байдаг аж. Энэ тухай “People’s daily” сонинд “тэтгэвэрт гарна гэдэг уйтгартай ч тэд эрх мэдлээ өргөжүүлэхийн тулд бүхнийг хийж чадна” хэмээн бичсэн байна. Түүнчлэн “Тяньжинд болсон хэрэг явдлын дараа Си Жинпин хоёр шөнө унтаж чадаагүй” хэмээжээ.Үүнээс харвал Хятадын Тяньжин хотод хоёр удаа дэлбэрэлт болж, олон хүний амь эрсэдсэн нь Си Жинпинд ах нараас нь өгч буй сануулга байсан гэж таамаглахад хүргэв.

 

Дэлбэрэлтийн улмаас 116 хүн амь үрэгдэж, 95 хүн сураггүй болж, 700 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ. Түүнчлэн дэлбэрэлтээс хойш химийн үйлдвэрийн агуулахад хортой бороо орж, голын загас жараахайнууд олноороо үхэж үргэдэх болсныг оршин суугчид мэдээлэв. Албаныхны мэдээлснээр дэлбэрэлт болсон агуулахад 700 тонн хортой натрийн цианид хадгалагдаж байсан аж. АНУ-д төвтэй Хятадын эх сурвалж “Boxun” агентлагт мэдээлснээр дэлбэрэлтийг санаатай зохион байгуулсан буюу тэсрэх бөмбөгтэй автомашин агуулахын гадна дэлбэрч, улмаар гал авалцсан гэнэ. Үүгээрээ Зян Зэминий фракцийнхан “Бид үймээн самуун дэгдээж чадна” гэх мессежийг нийтэд түгээж буй аж.

 

Б.АНХТУЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж