Энэ оны ургацын урьдчилсан балансын талаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны сайд Р.Бурмаагаас тодрууллаа.
– Ургац алдсан гол шалтгаан цаг агаарын мэдээг цаг тухайд нь өгөөгүйд байгаа гэсэн ойлголт байна. Ургац хураалтын үеийн цаг агаар ямар байх вэ?
-Байгаль цаг уурын хүчин зүйлийн нөлөөгөөр улаанбуудайн 49.9 мянган га талбай ургац алдаж, 32.5 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 80 гаруй хувийг хурааж, төлөвлөсөн ургацын 50, хэрэгцээт гурилын 60 орчим хувийг хангахуйц хэмжээний буудай авахаар урьдчилсан төлөв гаргаж байгаа. Өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг Цаг Уурын хүрээлэн найман сарын сүүлээр есөн сарын эхээр гаргана гэсэн. Дээр хэлсэнчлэн цаг уурын өгсөн мэдээллээс зөрөөд эхэлсэн учир энэ асуудлыг Засгийн Газарт оруулж шийдүүлсэн. Түймэрт сумдын нөөц ихээхэн барагдсан учир бусад аймагт байгаа тариаланг татан авчруулах арга хэмжээг БОНХАЖ-ын яам авсан. Үүний зэрэгцээ олон улсын чиг хандлагыг мөрддөг. Мөн байнгын ургацын комисс тухай бүр орон нутагтай ажиллаж мэдээлэл авдаг.
-Цаг агаарын мэдээлэл зөрсөн шалтгаан юу байв?
-Цаг Уурын хүрээлэнгээс ирүүлдэг мэдээлэл эхний 10 хоногт баттай байдаг. Хоёр гурван сарын цаг агаарын дүн мэдээ бол таамаг төдий байна. Урьдчилсан балансаар наймдугаар сарын эхэн болон дундуур орсон борооны улмаас тариа хэнзлэн ургаж, болц удаашран ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор хүнсний улаанбуудайг нөөцөлж авна, тариаланчдын тарьсан ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг тариаланчдад хүргэх арга хэмжээг авч эхэлсэн.
-Улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай байдаг. 2015-2016 оны хэрэгцээнд харахад 106.4 мянган тонн буудай дутагдах төлөвтэй гэсэн байна. Ингэснээр талх, будааны үнэ нэмэгдэх үү?
-Яамнаас тодорхой хэмжээний шаардлага тавина. Зах зээлийн үнэд нөлөөлөхгүй гэсэн зорилгоор ажиллана. Ургац хураалтын ажилтай холбоотой хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 125-165 морины хүчтэй 132 трактор, үр тарианы 51 комбайн нийлүүлсэн. Нийт 21 аж ахуйн нэгжид өндөр хүчин чадлын трактор, үр тарианы комбайн, үрлэгчийн иж бүрдлийг худалдан авахад 7.5 тэрбум төгрөгийн зээлийн дэмжлэг үзүүлсэн. Үр тариа хадгалах 36 мянган тоннын багтаамжтай төмөр бетонон элеваторыг Дархан-Уул аймагт оруулж, хадгалах хүчин чадлыг нэмж ажилласан.
Эх сурвалж: www.polit.mn