
О.Баттуяа Монгол улсын нийт хамниганыг Ерөөгийн, Сэцэн ханы, дорнод Монголын хамниган хэмээн нутагшил байдлаар нь ялгаатай үзэж, угсаа-түүх, овог төрөл, эдийн болон оюуны соёл зэрэг угсаатны зүйн уламжлалт ангиллаар хамниганы судалгааг дэлгэрүүлсэн байна. Энэхүү судалгаагаараа манай орны хамниганы угсаатны үйл явц хэрхэн өрнөж ирсэн хийгээд өнөөгийн хамниганы угсаа ялгарлын шинжийг тодруулж, нийгмийн ямар ч тогтолцооны үед тэд угсаатанлаг шинжээ хадгалж ирснийг батлахыг оролджээ. Орон нутаг дахь угсаатны жижиг бүлэг нь улс төрийн өөрчлөлт, нийгмийн тогтолцооны тусгал болж, өөрөөсөө илүү том угсаатны нийтлэгтэй адилсаж ууссан мэт байснаа, дахин сэргэн гарч ирж байгааг, мөн нийгэм, улс төр, эдийн засгийн хөгжлийн янз бүрийн үе шатууд нь хамниганы эд өлгийн болоод оюуны соёлын уламжлалыг өөрчилж байснаас биш угсаа нийтлэгийнх нь хувьд бүр мөсөн устгаж чадаагүй гэдгийг түүний судалгааны дүнгээс харж болох юм байна. Түүний бүтээлдээ ашигласан хэрэглэгдэхүүний дийлэнхийг 2002- 2007 онд Хэнтийн Биндэр, Дадал, Норовлин, Дорнодын Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо, Дашбалбар, Сэлэнгийн Ерөө, Хүдэр сумдад ажиллаж цуглуулсан хээрийн судалгааны материалууд эзэлж байгаа ажээ. О.Баттуяагийн бүтээл нь жирийн ард иргэдээс цуглуулсан мэдээ баримтыг шинжлэх ухааны мэдлэг болгож чадсанаараа онцлог болж эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан байна.
И.Байгальмаа