50 мянган га талбайгаас ургац авах боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.25-нд нийтлэгдсэн

50 мянган га талбайгаас ургац авах боломжгүй болжээ

Засгийн газрын хуралдаанд өчигдөр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа 2015 оны ургацын дүнг танилцуулжээ.

Өнгөрсөн хавар нийт 390 мянган га талбайд үр тариа тариалснаас 370 орчим мянган га талбайд улаан буудай аж. Хаврын тариалалт сайн эхэлсэн ч гантай байснаас ургацад нөлөөлж, нийт талбайн 50 мянган га талбайгаас ургац авах боломжгүй болсныг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээллээ.

Ургац хураах шатанд 252 мянган тонн улаанбуудай үтрэмд буух бол үрийн нөөцөд 30 мянган тонн, малын тэжээлд 12 мянган тонн, спиртийн үйлдвэрлэлд 9 мянган тонныг хэрэглэх тооцоо гарсан байна. Ингэснээр 141 мянган тонн улаанбуудайг гурил үйлдвэрлэх хэрэгцээнд үлдээх аж. Мөн үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нөөцөд байгаа 27 мянган тонн улаан буудай нэмэгдэх юм байна.

Монгол Улс жилдээ 240 мянган тонн гурил буюу 320 мянган тонн улаанбуудай хэрэглэдэг аж. Тиймээс 100 мянга гаруй тонн улаан буудай дутах болж буй юм байна. Өмнөх Засгийн газрын хуралдаанаар гурил үйлдвэрлэхэд шаардлагатай улаан буудайг гадаадаас импортоор авахыг салбарын сайдад үүрэг болгосон аж.

Шилдэг 35 оюутныг гадаадад сургана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монголын шилдэг 35 оюутныг олон улсын тэргүүний их дээл сургуульд Төрийн сангийн зээлээр сургах шийдвэр гаргажээ.

Монгол Улсын Үндэсний хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2015-2016 оны мөрийн хөтөлбөрт “Өрсөлдөх чадвартай Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон. Уг хөтөлбөрт Монголын шилдэг 300 гаруй оюутныг дэлхийд тэргүүлэгч их, дээд сургуульд суралцах боломжийг бүдүүлэхээр тусгаж, 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна.

2014 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт хамрагдахаар 100 гаруй иргэн өрсөлдсөнөөс 86 оюутан шалгаруулжээ. Эдгээр оюутны 60 орчим хувь нь инженер, технологийн чиглэлээр, үлдсэн хэсэг нь анагаах ухаан, байгал орчин, экологийн тэнцвэрийг хадгалах чиглэлээр суралцсан байна.

2015-2016 оны хичээлийн жилд Төрийн сангийн зээлээр олон улсын их сургуульд суралцах зорилгор 165 хүн өрсөлдсөн. Үүнээс 65 нь Төрийн сангийн зээл авах болзлыг хангасан байна. Тиймээс эхний ээлжинд 35 оюутныг гадаадын их дээд сургуульд сургах шийдвэр гаргажээ. Үүнд 4.2 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэхүү хөрөнгийг 2015 оны төсвийн тодотголд оруулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгчид даалгажээ.

Харин үлдсэн 30 оюунтыг гадаадад сургахад шаардагдах хөрөнгө болон бусад асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх юм байна. Зээлээр суралцах оюутнууд өөрсдийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалан Төрийн сантай гэрээ хийдэг. Их сургуулиа төгссөний дараа эх орондоо ажиллаж, гэрээгээ бүрэн биелүүлсэн тохиолдолд салбар хариуцсан сайд нь тухайн зээлээс чөлөөлдөг аж. Цаашдаа жил бүрийн төсөвт 100-гаас дээш тооны оюутныг гадаадын шилдэг их дээд сургуульд суралцах зардлыг суулгаж байхыг салбарын сайдуудад даалгажээ.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж