Баруун Африкийн Сьерра-Леоне улсад Эбола вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдэлгүй 17 хоносны эцэст хамгийн сүүлчийн өвчтөн эдгэрч эмнэлгээс гарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр Сьерра-Леонед 42 хоногт Эболагийн халдвар илрэхгүй бол тус улсыг өвчнөөс ангижирсан гэж зарлах гэнэ.
Гэхдээ тус улсад сэжигтэй 28 хүнийг тусгаарлан ажиглалт хийж байгаа аж. Сьерра-Леонед 4000 орчим хүн Эбола вирусын халдвараар нас барсан байна. Үүний зэрэгцээ Эболагаас эдгэрсэн хүмүүсийн дархлаа сул байгаа тул өөр төрлийн өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулжээ.
Одоогоор Гвиней улсад Эболагийн халдвартай цөөн тооны хүн үлдсэн байгаа аж. Эбола вирусын халдвараар олон улсад 11 мянга гаруй хүн амь үрэгдсэн билээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС