Английн Премьер лигийн гуравдугаар тойргийн “Арсенал”-“Ливерпуль”-ийн тоглолт 0:0-ээр өндөрлөлөө. Тус тоглолтын гол баатраар Петр Чехийг мэргэжилтнүүд голцуу нэрлэж байна. “Улаанууд”-ын хэд хэдэн гоол оруулах боломжийг хааж, багаа аварсан Петр Чех ч тоглолт гоолгүй өндөрлөсөнд итгэхэд хэцүү байгаагаа нуугаагүй ажээ. “Их буучид”-ын төлөөх эхний тоглолтдоо алдаа гаргаж, багаа хожигдолд хүргэсэн Петр Чех алдаагаа засч, багтаа тус болохыг хичээснээ ч илэн далангүй ярьсан байна.
“Шинэ багт ирээд эхний тоглолтдоо алдаа гаргаж, нэг л буруу замаар орчихоор бүхнийг дахин сэргээж, эхлүүлэх хэцүү байдаг. Энэ тоглолт бол миний өмнөх алдаагаа залруулахад тохирсон зөв газраа хэрэгтэй цагт товлогдсон тоглолт байлаа. Ийм олон гоолын боломж үүсгэсэн тоглолт 0:0-ээр өндөрлөсөн гэж итгэхэд хэцүү юм.
Энэ тоглолтын эерэг тал нь бид хоёрдугаар үед гоол оруулах олон боломж гаргаж чадлаа. Харин эхний үед олон алдаа гаргасан шүү” гэж Чех өгүүлжээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn