
Газрын тосны томоохон үйлдвэрлэгч “Бритиш Петролеум” компанийн статистик судалгаа газрын тосны хэрэглээ 2004 оноос хойш эрс нэмэгдсэнийг харуулсан байна. Өнгөрсөн мягмар гаригт нэг баррель брент маркийн түүхий нефть Азийн түүхий эдийн зах зээлд 117.90 ам.доллараар худалдаалагдсан нь өмнөх долоо хоногоос 30 центээр өссөн ажээ. Харин АНУ-д лайт маркийн нэг баррель түүхий нефть 101.10 ам.доллараар худалдаалагдаж 71 центээр өссөн үзүүлэлт гарчээ.
"Газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудал зөвшилцөлд хүрсэнгүй” гэж газрын тос экспортлогч орнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Абдулла Аль-Бадри мэдэгдсэн байна. “ОПЕК”-ын энэ удаагийн уулзалтыг мухардалд орсон хамгийн урагшгүй уулзалт гэж ажиглагчид дүгнэжээ.
Саудын Араб болон Персийн булангийн орнууд үнийн өсөлтийг бууруулахын тулд газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хүсэлт гаргасан юм. Гэвч Венесуэль, Иран, Алжир, болон Ливи зэрэг орнууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээс татгалзсан байна. Венесуэлийн газрын тосны сайд Рафаэль Рамериз нийлүүлэлт нэмэгдсэнээр газрын тосны үнэ унана гэж үзжээ. “Бритиш Петролеум”-аас гаргасан судалгаагаар 2010 онд газрын тосны хэрэглээ 3.1 хувиар нэмэгдсэн нь арван жилийн дунджаас хоёр дахин их ажээ. Газрын тосны хэрэглээ асар хурдтай өсч буй орон нь Хятад юм. Тус улсын газрын тосны хэрэглээ өдөрт 10 хувиар буюу 860,000 баррелиар өсч байгаа ажээ.