Албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжигтнээр шалгагдаж буй Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг Цагдан хорих 461 дүгээр ангид 80 гаруй хоног саатуулсан. Тэрээр “Гэм бурууг тогтоогоогүй байхад хууль хяналтын байгууллага хууль бусаар олон хоног саатуулж, эрүүдэн шүүсэн. Хоригдсон хоногоос хойш 14 килограмм турсан, элэг, цөс, уушигны өвчин сэдэрсэн. Цагдан хорих хугацаанд хоёрхон удаа байцаалт авсан” гэх гомдлыг Хүний эрхийн үндэсний комисст гаргаад байсан. Түүний энэхүү гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Бямбадоржоос тодрууллаа.
-Г.Дэнзэн цагдан хорих, саатуулан шалгах нэрийдлээр олон хоног эрүүдэн шүүсэн гэх гомдлыг гаргасан. Түүний гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
–Г.Дэнзэнгийн асуудалд манай байгууллага анхаарал хандуулан, цагдан хоригдож байх үед нь очиж уулзсан. Шалгалтаар хорих нөхцлийг чангатгасан, дарамт шахалт үзүүлсэн гэх асуудал илрээгүй. Эмнэлгийн тусламжийг ч мөн цаг тухайд нь үзүүлсэн юм билээ.
-Цагдан хорих нэрийдлээр хүний эрхийг зөрчиж байгаа асуудалд ХЭҮК-оос хэрхэн анхаарал хандуулан ажилладаг вэ?
-Цөөхөн тооны хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын буруутай үйлдлээс болж энэ мэт асуудал гарч байна. Урьдчилан саатуулах байр, хорих ангид эрүүдэн шүүж хүний эрхийг ноцтойгоор зөрчиж буй зөрчил багассан гэж хэлж болно.
Д.ЖАРГАЛ