Сонгинохайрхан дүүрэг буюу 52-ын давааны урд замд “Энхбулаг” амралтын газрын зүүн замд “Ланд крузейр 200” маркийн машин Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн “Зил 130” машинтай мөргөлдөж хоёр хүн амь насаа алдсан. Энэ сарын 21-нд гарсан ослын талаар Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Б.Оюунгэрэлээс тодруулахад “Хэргийг Замын цагдаагийн газарт шалгаж байгаа. Одоогоор ослын шалтгааныг эцэслэн тогтоогоогүй байна. “Ланд круйзер 200” маркийн машин дүрэм зөрчсөнөөс осол гарсан гэх дүгнэлт эхний байдлаар гарсан. Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн алба хаагчид хуваарьт дадлага сургуулилтадаа оролцоод явж байх үеэр осол гарсан. Хоёр алба хаагч ослын газарт амь насаа алдсан. Одоогоор нэг алба хаагчийн биеийн байдал хүнд Батлан хамгаалах хууль сахиулахын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн үзлэг оношлогоонд орж, ослын шокноос гарсан алба хаагчдыг гадуур эмчилж байна” гэлээ.
Д.ЖАРГАЛ