Ц.Нямдорж: Ч.Сайханбилэгт тархи алга

Хуучирсан мэдээ: 2015.08.24-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Ч.Сайханбилэгт тархи алга

Улс төрийн халуун өдрүүд үргэлжилж байна. Засгийн газрыг хамтран барьж буй АН, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг сайд нарынхаа нэрс дээр тохиролцоонд хүрч чадахгүйгээс дотооддоо дажин ихтэй суугаа бол МАН харин гаднаас гал нь өрдөж суух болов. Сөрөг хүчний л улс төр юмдаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газар бүрдэхгүй байгаа шалтгааныг Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, өөрийн сонголтоор сайд нарынхаа нэрийг өргөн мэдүүлж чадахгүй байгаатай холбон тайлбарлав. Энэ тухай тэрээр “УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа нам, эвслийн бүлгүүд Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж байна. Намын бүлэг хуралдлаа л гэнэ, сайд нарынхаа асуудал дээр тохиролцсонгүй л гэх юм. Уг нь бол зургаан сайдын асуудлыг Ч.Сайханбилэг УИХ-руу оруулж ирээд батлуулах л асуудал. Нүд ирмэхийн зуур л хийнэ. Нэг ёсондоо Ч.Сайханбилэг хэнийг сайдад нэр дэвшүүлэхээ өөрөө мэдэх ёстой. Үндсэн хуулийн үзэл санаа нь ч тэр. Сайдын суудлыг хэнтэй ч хуваалцахгүй оруулж ирэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Харамсалтай нь, тэр үүнийгээ хийж чадахгүй байна. Ч.Сайханбилэг гэдэг хүн харагдаад байгаа болохоос толгой алга. Тэр АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн занганд орсон. Өөрөө бие дааж шийдвэр гаргах ямар ч чадвар алга. Ингэж улсын ажлыг хорлож болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлээд байгаа юм.

Мөн УИХ-ын ээлжит бус чуулганаас авлигачдыг өршөөх хуулийн төсөл батлуулахгүй байх боломжийг Ерөнхий сайд ашиглаж чадаагүй. Түүний хувьд Өршөөлийн хуулийг татан авах боломж байсан гэж үзэж байна. Тодруулбал, энэ тухай Ц.Нямдорж гишүүн “Ч.Сайханбилэгт Өршөөлийн хуулийг газар авахуулалгүй татаад авах боломж байсан. Өөрийнх нь оруулсан хуулийн төсөл дээр илт хуйвалдаан явуулаад авлигачдыг өршөөх, өөгшүүлэх, цаашид Монголын төр авлигачдын өмнө гар өргөн бууж өгөх хувилбар руу орж байхад өргөн мэдүүлсэн хуулийнхаа төслийг татаад авчих ёстой байсан. Ингэлгүйгээр ёс бус хямрал, завхарлыг газар авахууллаа. Зургаахан сайдын нэр оруулж ирэх чадваргүй юм бол Ерөнхий сайдын ажлаа өгсөн нь дээр. Монгол Улсын Ерөнхий сайд дааж давшгүй хүнд ачааг сэтгэлийн эр зориг, тархины багтаамж хоёроороо давж үүрч гардаг албан тушаал. Хэрэгцээ гарвал албан тушаалаа алдахаас үл хамааран ганцаараа зүтгэж, хариуцлагыг нь хүлээнэ гэж байгаад асуудлаа шийдүүлэх эрхтэй хүн. Тийм чадвараа алдчихаад байгаа нь асуудал юм. Ч.Сайханбилэгийн зүрх, тархийг хүн аваад явчихсан юм уу. Ийм байж болохгүй шүү дээ” гэх хатуухан байр суурийг илэрхийлээд байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж