Сурагчид “шидэт” картаа яах вэ?

Хуучирсан мэдээ: 2015.08.22-нд нийтлэгдсэн

Сурагчид “шидэт” картаа яах вэ?

Жилийн өмнө Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “шидэт” карттай болсон. Тухайн үед нийслэлийн Боловсролын газар, Сурагчийн холбооныхон уг картыг "40 төрлийн үйлдэл хийж, сурагчдын хэрэгцээг бүрэн хангах боломжтой" хэмээн ам бардам ярьж байв.

Хичээлдээ орохдоо цагаа бүртгүүлнэ, үсчинд хямдарсан үнээр үйлчлүүлнэ, кино театрт хөнгөлөлттэй үнээр кино үзнэ гэх мэт олон талын ач холбогдолтой гэгдэж байсан картын шидийг дурьдаад баршгүй. Наад зах нь энэ картаа автобусанд уншуулаад, 200 төгрөгөөр үйлчлүүлэх тухай ч яригдсан. Тухайн үед автобусанд одоогийнх шиг цахим машин суулгах тухай ярьж эхлээгүй байлаа. “Картаа яаж цэнэглэж, автобусаар сурагчид яаж явах юм бол доо” хэмээн эцэг, эхчүүд гайхацгааж байв. Гэтэл өнөөдөр нийтийн тээвэр шинэчлэгдэж, өөр нэгэн ухаалаг картаар үйлчлүүлдэг боллоо. “Одоо л нөгөө сурагчдын “шидэт” карт үр ашгаа өгч эхэлнэ дээ” гэж бодтол бас үгүй юм байна. Сурагчдын “шидэт” картыг автобусны ухаалаг машин уншихгүй гэнэ. Тиймээс сурагчид дахиад шинэ карт авах болж байна.

Шинэчилсан системээр бол иргэд энгийн, халамжийн, оюутны, хүүхдийн гэсэн дөрвөн төрлийн картаас сонголт хийх ажээ. Түүнээс биш сурагчид өнгөрсөн жилийн картаар үйлчлүүлэхгүй гэдгийг албаныхан мэдэгдэв. Ингээд л хөрөнгө мөнгө зарцуулж гаргасан сурагчийн шинэ картны гол зориулалт ямар ч үр дүнд хүрэлгүй өнгөрч байгаа бололтой.


СУРАГЧДЫН КАРТ ҮНЭГҮЙ БОЛОХ УУ?

Чухамдаа зургаан настан ч бай, зургадугаар ангийн хүүхэд ч байлаа гэсэн хүүхдийн картаар л нийтийн тээвэрт үйлчлүүлнэ. Гэхдээ яаж авах вэ…? Энэ асуултыг хариуг хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд зориулан хүргэж байна.

Та бүхэн хүүхдийн картыг “U Money” карт цэнэглэх ТҮЦ-үүдээс авах боломжтой бөгөөд сургуулиудаар дамжуулж авахгүй гэдгийг дахин анхаарна уу.

Хүүхдийн картыг нийтийн тээвэрт уншуулахад 200 төгрөг хасагдах юм байна. Одоогоор хүүхдийн картыг 9800 хэрэглэгч худалдаж авсан гэх мэдэлэл бий. Гэхдээ “U Money” карт борлуулагчийн хэлснээр “Энгийн картын худалдан авалт эрэлттэй. Хүүхдийн картыг хүмүүс тэр бүр сонгохгүй байгаа" гэнэ.

Хүүхдийн картын асуудалд Монголын сурагчдын холбоо эсрэг байр суурьтай байгаа. "Сурагчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжийг нээх ёстой. Дээрээс нь бага ангийн сурагчид улирал, сараар цэнэглэсэн картныхаа мөнгийг нэг өдөр дуусгах магадлалтай" хэмээн Сурагчийн холбооныхон үзэж байна. Тиймээс сурагчийн картыг үнэгүй болгох асуудлаар “Улаанбаатар смарт карт” компанитай ярилцаж, ямар нэгэн өөр арга зам хайх бололтой.


САНАМЖ

Иргэдийн дунд смарт карттай холбоотой хэд хэдэн асуулт үүсчээ.  Холбогдох байгууллагууд эдгээрийг багцлан, дараах санамжийг өгч байна.

  • Хоёр болон түүнээс дээш хаалгатай, автобусанд /угсраа автобус/ ард талын бүх хаалгаар буух юм байна.
  • Автобусаар үйлчлүүлсэн баримт шаардлагатай тохиолдолд жолоочид хүсэлт гарган баримтаа хэвлүүлэх юм.
  • Мөн нэг картаар хэд хэдэн хүний төлбөр төлөх бол жолоочид хандана. Ингээд жолооч тохиргоо хийж өгнө.
  • Картаа гэмтээсэн тохиолдолд “Хэрэглэгчийн төв”-д хандана. Энэ нь Улаанбаатар шилэн банкны гурван давхарт байрладаг.
  • Гэмтсэн картан дахь мөнгөө өөр карт руу шилжүүлэн ашиглаж болно. Мөн л “Хэрэглэгчийн төв”-д хандана.
  • Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, оюутны картаа нөхөн авах бол мөн “Хэрэглэгчийн төв”-д хандана.

БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА, Э.ЭНХБАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж