
Тус аймгийн хэмжээнд энэ хугацаанд эмнэлэгт нийт 7378 хүн хэвтэн эмчлүүлж, амбулаторт 136136 хүн үзүүлжээ. Халдварт бус 13290 өвчлөл бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 17 хувь нэмэгдсэн аж. Хорт хавдрын хяналтанд 242 хүн бүртгэгдсэнээс нас барсан 36 тохиолдол байна. 510 халдварт өвчин бүртгэгдэж 10000 хүнд 72,7 ногдож, өнгөрсөн оны мөн үеэс 49 хүнээр өсчээ. Халдварт өвчний гаралт Биндэр, Галшар, Мөрөн, Баянхутаг, Дадал, Өлзийт, Хэрлэн суманд улс аймгийн дунджаас өндөр байна.
Бүх халдварт өвчнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бэлгийн замаар дамжих халдвар 181 буюу 39 тохиолдлоор, гепатит 106 буюу 16 тохиолдлоор, салхинцэцэг 72 буюу 69 тохиолдлоор, бруцеллёз 51 буюу 22 тохиолдлоор, гахайн хавдар 9 буюу 4 тохиолдлоор тус тус өсчээ. Нийт халдварт өвчнүүдийн 35 хувь нь бэлгийн замаар дамжих халдвар, 20 хувь нь вируст гепатит, 15 хувь нь сүрьеэ, 14 хувь нь салхинцэцэг, 10 хувь нь бруцеллёз, 2,5 хувь нь цусан суулга, 1,7 хувь нь гахайн хавдар эзэлж байна. Вируст гепатит өнгөрсөн оны мөн үеэс 15 хувь нэмэгдсэн ба өвчлөл Биндэр, Бор-Өндөр, Өмнөдэлгэр, Дадал, Баян-Адарга, Хэрлэн суманд улс аймгийн дунджаас өндөр үзүүлэлттэй гарчээ.