Нефтийн үйлдвэр байгуулах чиглэлээр тогтоол мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Нефтийн үйлдвэр байгуулах чиглэлээр тогтоол мэдүүлнэ

УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Я.Батсуурь, Н.Ганбямба нар сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Эдгээр гишүүд газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэхээр болжээ. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нефтийн үйлдвэр байгуулахаар тусгасан ч өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр дорвитой ажил хийсэнгүй гэж тэд үзэж буй юм.

Тийм учраас энэхүү тогтоолын төсөлд бүсчилсэн байдлаар үндэсний нефтийн үйлдвэр байгуулах ёстой гэж үзжээ. Ингэж заасан нь бас учиртай аж. Уг нь үндэсний үйлдвэрүүд Эрдэс баялаг эрчим хүчний яаманд хандан өөрсдөө эрсдлээ даагаад, хөрөнгөө гаргаад нефтийн үйлдвэр байгуулъя хэмээн тусгай зөвшөөрөл хүссэн ч өнөөг хүртэл олгоогүй аж. Нийтдээ гадаад, дотоодын 17 газраас ийм хүсэлт гаргасан гэнэ. Хэрвээ үндэсний үйлдвэрүүдийнхээ хүсэлтийг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгочихсон бол өдийд нефтийн үйлдвэр байгуулах ажил эхэлчих ёстой байжээ.

Сүүлийн өдрүүдэд Дархан-Уул аймагт нефтийн үйлдвэр байгуулах тухай асуудал хөндөгдөх болсон. Япон улсын зүгээс тус үйлдвэрийг байгуулахад хөрөнгийн дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэж байгаа нь сайн хэрэг боловч үйлдвэр байгууллаа гэхэд түүхий нефтээ гадаадаас импортоор авч нэрэх гэнэ. Энэ тохиолдолд Монгол Улс бензин, шатахуунаа  ОХУ-аас 100 хувь хараат байгаа шигээ байдалд орох эрсдэл дагуулна. Мөн Япон улсын зүгээс Монгол Улсын Засгийн газрыг 600 сая ам.долларын баталгаа гаргахыг шаардсан. Хэрвээ үндэсний үйлдвэрүүддээ тусгай зөвшөөрлийг нь олгочихвол тэдгээр үйлдвэрүүд дотоодоосоо гарах түүхий нефтээ боловсруулаад шатахуун, бензин гаргаад байх бололцоо бүрэн байгаа аж. Ийм судалгааг “Хэт”, “Сүмбэр ойл” компаниуд хийсэн. Тус компаниудын  хувьд дэлхийн дэвшилтэт технологи ашиглана. Мөн 100 тонн түүхий нефть боловсруулахад 90 хувь нь шатахуун болж боловсруулагдах гэнэ.

Монгол Улсын хувьд жилдээ нэг сая тоннд хүрэхгүй шатахуун, бензин хэрэглэдэг байна. Үүний 50 хувь нь шатахуун бол үлдсэн хэсэг нь бензин. Ирээдүйд шатахууны хэрэглээ өсөн нэмэгдэж, хоёр сая тоннд хүрэх урьдчилсан тооцоо гарч байгаа. Тийм учраас уул уурхайн олборлолттойгоор өсөн нэмэгдэх нефтийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг үндэсний нефтийн үйлдвэрүүдээр хангах бүрэн боломж байгаа тул энэ чиглэлийг барьж ажиллах үүргийг дээрх гишүүд энэхүү тогтоолын төсөлдөө тусгажээ.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж