Буянт-Ухаа 2 орон сууцны хороололд залуусыг хамруулахын тулд квот олгохоор болжээ. Энэ хүрээнд өнөөдөр Төрийн орон сууцны корпораци, Монголын залуучуудын холбооноос хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Буянт-Ухаа 2 хорооллын эхний ээлжийн 1500 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулах билээ. Албаныхны хэлж буйгаар ирэх намар ашиглалтад оруулах аж. Тиймээс энэ 1500 айлын орон сууцны 50-ыг нь залууст олгохоор шийдвэрлэжээ. Эхний ээлжинд залууст 50-ын квот тогтоосон, дараагийн ээлжинд баригдах орон сууцны хорооллоос ч залуусыг орох боломжийг хангана гэв.
Эхний ээлжинд залууст ямар шалгуур, шаардлага тавих нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Удахгүй Монголын залуучуудын холбооноос залуусын дунд орон сууцны эрэлт хэрэгцээ ямар байгаа талаар судалгаа явуулах юм. Уг судалгаан дээр үндэслээд орон сууцтай болох залууст тавих шаардлага, шалгуурыг боловсруулах юм. Мэдээж орон сууцны 10 хувийг урьдчилж төлөх чадвартай байх шалгуур нэн тэргүүнд тавигдана.
Энэ талаар Монголын залуучуудын холбооны Удирдлага хамтын ажиллагааны газрын дарга Б.Эрдэнэбат “Манайхаас удахгүй залуусын дунд судалгаа явуулна. Гэхдээ залуучуудын хувьд одооноос манай холбоонд ирж орон сууцанд хамрагдах хүсэлтээ илэрхийлж болно” гэв.
Б.ЗАЯА