Чикагагоос ирсэн захидал

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Чикагагоос ирсэн захидал

Олон жилийн өмнө арван жилийн төгсөх ангийн сурагч Өлзийбатын Пүрэвсүрэнгийн шүлгийн анхны бяцхан түүврийг ариутган шүүж хэвлүүлэх хувь тохиож билээ. Ө.Пүрэвсүрэн утга зохиол, сэтгүүл зүйн чиглэлээр дээд сургуульд суралцан төгсч Монголын өдөр тутмын “Монголын мэдээ” Үнэн” зэрэг томоохон сонинд ажиллаж байгаад холын Америкт суралцахаар мордсон билээ. Ө.Пүрэвсүрэнгээс саяхан захидал ирлээ. Нутгаа санагалзсан унаган хүүгийн холбоо нийтлэл, зарим шүлгийг дор толилуулав.
                                        

Зүрхнээс аргамжаатай, зүүднээс уяатай адуу, нутаг хоёр минь

Дээлтэй хийморь

Адуу гэдэг амьтныг яг хэзээ анх харснаа санадаггүй. Хөлд орж тэнтэр тунтар алхахуй цагт зэлэн дээр цавчих унага, шон дээр үүргэлэх морь ч юмуу эсвэл зэрэглээн дундаас  тодрон тодрох морьтой хүний бараа, эдгээрийн аль нэгийг л анх харсан байж таарна. Харин хөл хөнгөнтэй номхон бор мориныхоо нуруун дээр анх гарч морьтон болсоноо санахыг бодоход тав зургаатай л байсан юмдаг уу.  Бага насны минь дурсамжийг адуу гээч тэнгэрлэг амьтан туурайгаараа арилашгүй тамгалжээ. Хорин, Үйзэнгийн толгод дунд хүүхэд нас минь хүлгийн зоон дээр дарцаглаж өнгөрч. Манайх хэзээнээсээ сайн азарга адуутай, зундаа дөрөв, таван унага дүүжэлдэг айл. Наадам дөнгөж өнгөрүүт л амьтны түрүүнд  гүүгээ барих.

Айрагийн хөрөнгө залах гэж битон сав харжигнуулсан улс тэгсгээд л манайх руу цувж гарна даа. Цөөхөн гүүний шавхуур айраг болоод ч тэрүү манай айраг Хорин жасын хонхортоо сайхнаараан алдартай. Үнэгэн харанхуйгаар хөхүүрт шуугих айрагнаас хоёр хулыг залгилчихаад уурга суналзуулан адуундаа давхиж явах ч айдаа, эр хүний жаргал. Морь уургална, бугуйл хаяна гэж нэг хэнээ байдагсан багад. Зунжангаа л уурга тагнайлдаж, нааж, залгана. Түүнийгээ төдхөн л хугалчихаад бургас зорж суудагсан. Үрээ дааганы цээж авч хөнгөн хөлтэй морь тасдан зэм хүртэж, адуунд уурга чиргүүлж мориноос унан газрын чийг үзэж явсан паян ч мундахгүй их бий. Багадаа мориноос унаж гараа хугалснаас болоод хурдны нуруун дээр харин гараагүй. Манайх уг гарвалаараа бол Дундговь аймгийн Гурвансайхан, Дэрэн чигийн айл. Нагац ах маань сургууль төгсөөд Сайнцагаан сумын Үйзэн бригадад малын эмчээр томилогдон Жааж маань хүүгээ бараадан хэдэн малтайгаа нүүж ирээд энэ хонхортоо шингэсэн түүхтэй. Жааж гэдэг маань ээжийн минь ээж, намайг өсгөж хүмүүжүүлсэн хөгшин.  Тайж язгууртан баян айлын ганц охин, нагац ах маань морь мал гэхээсээ сааль сүү гэх, адуунд даанч сүжиггүй нөхөр байх.

Ямар сайндаа л манай хонхорынхон Эрдэнэ-Очирт далавчтай морь байгаад ч нэмэргүй гэж ярьхав дээ. Зөв талын гуян дээрээ Ланзан тамгайтай, боржигон чигийн угшилтай, чанартай цөөвөр адуутай айл байлаа манайх. Дээхнэ үедээ бол хурдтай байсныг гэрчлэх үнэмлэх сэлт цөөнгүй байх юм билээ. Нэг удаа айлын гэрийн найранд унаж явсан хул морио дүүгээрээ унуулаад уралдуултал түрүүлээд ирж байсан зэргийг бодоход хоосонгүй адуу байсан болов уу. Тэр хул морь маань шүдлэндээ аймагт айрагдаж байсан адуу юм. Сургууль соёл ажил амьдралын мөр хөөсөөр унаган адуугаа уралдуулж хурдлуулах боломж хараахан гарсангүйдээ. Адуу ухаантай амьтан гэдгийг надад мэдрүүлсэн нэг явдал арав гаруй настайд тохиолдож билээ. Тэр жилийн хахирган хавар миний ноолж өссөн номхон хөгшин алаг морь тэжээл идээд гадуур байлаа. Гэтэл нэг өдөр тэжээлдээ ирсэнгүйд ах “Өеөдөж унаад босж чадаагүй болох шиг боллоо. Чадвал босгоод чадахгүй бол хэрээ шувуунд нүдийг нь ухуулснаас амыг нь барьчхаад ир” гээд намайг явуулав. Модотын зооны дэрстэй хонхорт муу алаг морь минь талаараа тэлчилж байна, бөгснөөс нь дэмнээд босгоход урд хоёр хөл нь сөхөрч унаад босдог юм биш.                              

Сүүлдээн чадал барагдаж цөхрөх морио өрөвдөж хайлахын эрхэнд уйллаа. Тэгэхнээ алаг морь минь тунгалаг хар нүднээсээ том том нулимас бөмбөрүүлэн надтай цуг бас уйлж байдаг байгаа. Адуу ухаантайгаар тогтохгүй энэ ухаант адгуусыг дагасан эр хүн амьдрал хэмээх хангалын хүзүүнд уурга тавихааргүй сэтгэлийн бядтай ноён нуруутай хүн болж төлөвшдөгийг хүндэлж явдаг ах нарын маань зам мөр баталдаг.

Дундговь аймгийн Монгол улсын манлай уяач Д. Эрдэнэчулуун, мөн сумын малчин, аймгийн алдарт уяач Б. Чулуунбаатар, Д. Доржпүрэв гээд адуугаа л дагаж адуугаа л ярьж морион уяж жаргаж суух гүндүүгүй  гурван монгол байх. Энхэлтэй донхолтой амьдралын замд гээгдэлгүй шигшигдсэн ээж аавын минь найзууд юм тэд. Өнгөний хорвоод толгой болгон төөрч, мөнгөний өмнө алга бүхэн тэнийдэг болсон энэ цөвүүн цагт мөс чанар, ёс жудаг, итгэл үнэмшлээ мөнгөөр арилжилгүй дээдсийн алтан нутагтаа  дэлтэй бурхан адуугаа адуулж, ажил үйлс нь хүлгийн лугаа адил босоо явдаг тэднээр би бахархдаг. Д. Эрдэнэчулуун ахыг улс бүсийн наадмуудаас айраг түрүү түүдэг хөдөөний хөх уяач гэдгээр нь монгол даяар мэднэ. Түүнийг тэр жил төрийн их наадамд бүлтэн хар морио түрүүлгэхэд нь баярын магнай чухам нэг хагарч билээ. “Нүүдэлчний араншин” хэмээх баримтат киног үзэхэд л түүний ертөнцөд шагайх мэт болох бөлгөө. Б. Чулуунбаатар гэж барилдсан бол лавтай аймгийн цолонд хүрэхээр зузаан улаан эр. Эр хүний ноён нуруу төлөв түвшин, гүдэсхэн зан гээд одоо үед мазаалай шиг ховордсон чанаруудыг Чук ахаас л олж харна. Хэрвээ хүн төрөлхийн араншин, мөн чанараа сольж өөрчилж болдогсон бол би хувьдаа лав  Чук ахын сайхан чанаруудыг эргэлзэхгүйгээр өөртөө шингээнэ. Түүний тухай хөгтэй ч гэхүү нэг дурсамж санаанаас огт гардаггүй юм. Цагаан сарын дараа л юмдаг. Нэг өдөр хичээлдээ явж байгаад хоёрдугаар сургуулийн наахнатай Сайнцагааны хөөрүү хэмээх Ганзориг гуай тэр хоёр хөх 72-той нэлээд халмаг явахтай тааралдлаа. Бороохой хочтой онгиргондуу цагдаа тэр хоёрыг зогсоочихсон журамлах юм яриад дүрэмдэж гарч байна.

Чук ах “Монголын ёс  байна. Ах нь эхлээд энэ хүүхэдтэй тохой зөрүүлээдхэе. Дараа нь тэр хэлтэс рүү чинь явъя” гээд надтай золгох гэтэл нөгөө цагдаа түүнийг улаан хамбан дээлийнх нь заамаар боож сүржгэнэдэг юм. Мань эрийн царай минчийтэл хүрэнтэж байснаа тэсвэрийх нь хүлээс алдуурав бололтой өнөө цагдааг барьж аваад ганцхан тонгорчихож билээ. Хэлье яръя гэснээ хэний ч өмнө хэлэх, хүнийг баян хоосон, дарга цэрэг гэж алаг үздэггүй шаагиж шуугисан шар нөхрийг бол Д. Доржпүрэв гэдэг юм. Дож гэж дуудацгаах түүнийг Дож их хурд уралдаан-2 болон бүсийн наадмуудад хэд хэд айрагдсан хурдан бөмбөг халзан мориор нь хүмүүс андахгүй Д. Балчинпүрэв агсны төрсөн дүү юм. Аймгийн цагдаагийн том дарга тэргүүтэн хэсэг улс Дожийнд дөрөө мулталж нэг удаа хоол хош болохын үест Дож:

-Машинд байгаа хүнээ дуудаач. Цай унд амсуулъя болсон юм байх. Тэгтэл нөгөөдүүл нь

-Аа нэг муу малын хулгайч бариад явж байгаа юм. Сууж л байг гэлцэхэд адилхан монгол улсууд байна даа та нар чинь. Тэгж яаж болох юм оруул гэж эгдүүцсэн гэдэг. Жоохон юм шиг санагдах энэ явдлаас түүний “ Том” чанарыг олж харж болно. Өөрийнхөө нэрний хөл хөнгөнтэй зээрд морио эмээллэж унан шавиагаа ханатал давхиж аваад адуут нутгаа орхиж гарснаас хойш 10 он хэдийнээ улирчээ. Хүний нутагт явахад адуу зүүдэнд янцгааж, айраг бодолд шуугина. Хурдны өлгий нутаг Төв аймгийн Баянцагааны уугуул Ч. Гансум гэж бас над шиг морины өвчтэй залуутай Чикагод танилцаж сайхан нөхөрлөсөн юмсан. Энд адуугаа ярьж монголоос захиулж авчруулсан наадмуудын морины бичлэгээ үзэхдээ айрагны оронд шар айраг сөгнөн хэрэндээ л ёс төр болноо бид хоёр. Арлингтон, Фарк гэж Чикагогийн морин тойруулгад очиж морин уралдаан үзэн халхын том уяачид шиг морь шинжин ярилцан тэрүүхэндээ хөөрцөглөнө. Найз маань хоёр жилийн өмнө адуугаа зүүдэлж адуугаа санахын эрхэнд адуу шиг нутаг руугаа гүйсэнсэн. Адуугаа сэлбэн энд тэндээс хурд цуглуулж аймаг сумынхаа наадмаас айраг түрүү авдаг уяач болсон дуулдана лээ. Хааяа нэг утсаар ярихад адуун дээрээсээ ирлээ гэх дэлтэй бурхан адууны босоо цагаан хийморь найзыг минь ивээж том наадмын айргаа удахгүй амсана гэдгийг итгэдэгээ.

Өөрийн нутаг

 “Өндөр дээр гараад харахад
Өөрийн нутаг харагдаад
Өндөр дээрээс буугаад ирэхэд
Өвөр дүүрэн нулимастай” гэж Өлзий-Орших гавъяатыг гэгэлзтэл дуулахад өрөвдөж өрцөн цаана хөндүүр оргино. Өөрийн нутаг минь өндөр дээрээс хараа сунгаад ч үл харагдах өргөн далайн чанадад бөлгөө нутаг минь. Нууж унагасан нулимас минь бурхнаас  чинийх гэж оноож буузан бойтогныхоо мөрийг шороон дээр барлан минийх хэмээх тамгалсан нутаг ус минь.

Ерөөс ертөнцөд өөрийн гэж оноосон бүхнээ илүүтэй санаж санагалздаг нь амьтны араншин юмсан уу. Хаврын сар гарч өрний амьсгал оруутал хачин ихээр нутгаа санах алтай шиг сүрлэг уулс арын өврийн хангай шиг алагласан цэцгэс, атганд унадаг жимс, Орхон, Сэлэнгэ шиг халгиж цалгисан их усан үгүй ч нутгийн минь намхан бор толгод надад юунаас ч илүү үнэтэй эрхэм дотно санагдах нь өнөөх л өөрийх л гэж өмчилснийх билээ. Дундговийх гээд хэлчихвэл “Дуул” хэмээн шахуулдаг дуу хуур, айраг найргийн орон Дундговь аймгийн миний нутаг. Аймгийнхаа жаран жилд зориулсан бичлэгээ С.Пүрэвсүрэн гуай сонинд нийтлүүлэхээр орхиод арваад жилийн өмнө нутгаасаа гарсан юмсан. Ажил амьдрал хэмээх алаг эрээн бөмбөгийг элдсээр арайхан л очиж амжаагүй л  явна. Гэвч нутаг минь үргэлжид зүрхнээс аргамжаатай зүүднээс уяатай явах юмдаа. Г. Олзгэрэлийг начин болоход нэг их баярлаж Пүүжээгээн Өсөхөө аваргаар даваагаан ахиулж харцага цолонд хүрхэд нь бүр ч их хөөрч, хүндлэж явдаг эрхэм ах хөдөөний хөх уяач Д. Эрдэнэчулуун бүлтэн хар морио төрийн их наадмын их насанд түрүүлхэд баярын магнай ганц хагарч билээ. Хүний нутагт үндэстэй бүхэн цэцгэлсэн сайхан хавар болж байхад Мандалговийн маналзсан шороон шуургаа үгүйлж суух нь нутгаа санаж гансарсан сэтгэлийх буйзаа.

Бас өчнөөн хоногоор асгарч амьтан адлагдсан энэ их бороог болдогсон бол нутагтаа оруулахсан гэж адгана. Интернетэээр Дундговийн сонин юу байна, С. Пүрэвсүрэн гуай шинэ юм бичиж үү гэж хайна.

“Сайхан нутаг минь
Санаа бодлын нутаг минь
Хүслийн цэнхэр алсаас
Хүрээд заавал очнодоо” гэж Эрдэнэцэцэг дуучин элэг эмтэрч санасан сэтгэлийн жолоо эргүүлэн алдтал дуулна. Нэг л өдөр очно доо очно. Ботгондоо тэших ингэ шиг ижийдээ яарах хүү шиг, нуураа тэмцэх шувуу шиг, нутгаан гүйх адуу шиг очино. Санаж тэмүүлэх зоиод очих сайхан нутагтай хүндээ би.

Дундговийн хурд

Халхын саруул тал адууны туурай хээтэй
Халтар буттай толгод хүүхдийн гийнгоо зээтэй
Үес үесхэн салхи нь үүлэн борооны явдалтай
Үегүй цэнхэр зэрэглээ нь усан тэлмэн жороотой

Хурд хургасан уяатай Дундговь нутгаа
Хурц түргэн морьд нь Дундговийн унагаа
Зүмбэр шаргал говь морин лха тахилтай
Сүмбэр их овоод нь аргамагийн толгой тахилтай

Агьт цэнхэр хөндийнүүд адуу малын даллагатай
Агт хурдан морь нь айраг найргийн мялаалгатай
Хурд хургасан уяатай Дундговь нутгаа
Хурц түргэн морьд нь Дундговийн унагаа.

Бөгөн хул, их хүрэн, ажнай шарга
Бүлтэн хар, даншиг саарал, од хээр
Дундговь нутгийн хурд монгол даяар зартай
Дуу хуурын өлгий төрийн наадамд мөртэй

Дахилт:

Аав шувууны шүлэг
/Номуун,  Мэргэн хоёртоо/
Өндөр үрсээ дарж ангаахай гаргадаг
Өрөвгөр сөрвөгөр тэднийгээ өсгөж торниулдаг
Өд сөдийг нь гүйцээж далавчаа даахтай болгодог
Өндөр хөх тэнгэрт алган дээрээсээ нисгэдэг
Энгүй орчлонгийн гүнд элин хальж яваад
Эндэж гэнэдэх вий гэж сэтгэл чилээж суудаг
Өвгөн шувуу далавчиндаа түүртэхийн цагт
Өнөө хэдийгээ хүлээж холын тэнгэрийг харуулддаг
Үрт амьтан шувууны зовлон
Үйлт хүмүүн  ижий аав хоёрынхоо
Үүрээ шувуу шиг манаж сүүдрээс хүртэл нөмөрлөх
Үрээ гэх сэтгэл аав ээжийх байдаг
Ирээдүй хойчийн зовинол цас мэт дарахад л
Ижий аав хоёрыгоо ойлгож нэг өрөвддөгөө
Энхэл донхолтой амьдралын бартааг
Ээж аав нь чадлаараа тэгшилнээ
Аяны замын уртад тээр болох
Алдааг минь л харин аавдаа үлдээгээрэй

Дургуй дуртай

Цаг хугацаа галт тэрэг мэт довтолгоход би дургүй
Цагаасаан эрт хүмүүс хорвоогоос буцахад  дургүй
Шинэ он нэг насыг хуанлийн хуудас шиг тасдахад
Шилэн хундага өргөж ерөөл хэлэх дургүй
Ээж минь надаас алсархад дургүй ээ
Ирээдүй цагийн тухай бодох ч дургүй
Үзэсгэлэн гоог цаг хугацаа бүдэгрүүлэхэд дургүй
Үсэнд хяруу унах үрчлээ суухад дургүй
Үүрдийн бус тавиланд хичнээн их тунирахлаа ч
Үдийн нар шиг амьдралд үнэн голоосоо дуртай.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж