Гэрт нь тохиолдсон харамсалтай түймрээс болж биеийнхээ 80 хувийг түлсэн ч, дүүгээ галаас аварч чадсан баатарлаг хүү Г.Цэрэнтогтохын эмчилгээ амжилттай болж, өнөөдөр хүү хоёр хөл дээрээ алхаж явна. Юуны өмнө хүү Г.Цэрэнтогтох "Эмчилгээг минь гардан хийсэн ГССҮТ-ийн эмч нар болон Бүгд найрамдах Солонгос улсын Хангасү эмнэлгийн эмч нартаа талархаж буйгаа илэрхийлье" гэсэн юм. Мөн элэг нэгт Монголчуудадаа баярласан сэтгэлээ хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байна. Ямартай ч сайн хүн болж тусыг нь хариулна гэдгээ амлалаа.
Анх хүүг Өмнөд Солонгос улсын Хангасү эмнэлэгтэй Монголын залуучуудын холбооны залуучуудын төлөөлөл, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь нар Монгол дахь Солонгос улсын элчин сайдад хандсанаар холбогджээ. Ингээд БНСУ-ын элчин сайд Г.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний төлбөрийг хөнгөлж, хамт явах нагац эгчийнх нь визийг шуурхай гаргаж өгсөн байна. Мөн Өмнөд Солонгос улс дахь хүмүүнлэгийн байгуулагуудтай холбогдож туслахыг уриалжээ.
Ингэж БНСУ-д хүүд туслах аян өрнөсөн бол Монголд Г.Цэрэнтогтох хүүгийн нөхдийнх нь уриалга, МЗХ-ны залуучуудын санаачилсан "Ахыг аваръя" зэрэг хандивын аянууд явагдсан юм. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн өглөг, сэтгэлээр хүү минь өнөөдөр хөл дээрээ босч ирсэнд баярлаж, талархаж буйгаа хүүгийн ээж, аав илэрхийлсэн юм.
Одоо хоёр хүүгийн биеийн байдал сайжирсан. Гэхдээ бага зэргийн арьс татах, загатнах зовиуртай байгаа. Иймээс цаашид физик эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэнэ гэдгийг хүүгийн ээж ярьлаа. Мөн хугацаа алдахгүйн тулд Г.Цэрэнтогтох хүү ирэх намар хичээлдээ орохоор шийджээ. Өмнөд Солонгос улсад эмчилгээ хийлгэж байхдаа дүүгээ их санасан. Ирээд дүүгээ тэврэхийг их хүссэн. Хүнд юм өргөж болохгүй болохоор сайн тэвэрч чадахгүй л байна. Гэхдээ тэсч чадахгүй өчигдөр дүүгэээ тэвэрч үзсэн. Удаан тэвэрч дийлэхгүй байсан. Мөн хүмүүс гадуур таараад эрүүл энхийг хүсч, амжилт хүсч байгаа. Иймд илтгэлийг нь алдахгүйг хичээнэ гэдгээ Г.Цэрэнтогтох хүү онцлон ярьсан юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Э.ЭНХБАТ