Хатагтай Аржентина Матавеллд өргөмжлөл гардуулав

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Хатагтай Аржентина Матавеллд өргөмжлөл гардуулав

Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны даргын Өргөмжлөлөөр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавеллийг шагналаа. Энэхүү хүндэт Өргөмжлөлийг  хатагтай Аржентина Матавеллд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дэд дарга Д.Долгор Төрийн ордны ёслолын танхимд  өнөөдөр гардуулав.

НҮБ-ын Хүн амын сан НҮБ-ын дөрөв дэх хөтөлбөрийн хүрээнд  “Жендэрийн тэгш байдлыг  хангах Үндэсний чадавхийг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль эрх зүйн орчин бий болгоход техник, санхүү, арга зүйн туслалцаа үзүүлж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний хороог чадавхжуулах үйл ажиллагааг тууштай дэмжин ажиллаж ирсэнд Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны дэд дарга Д.Долгор хатагтай Аржентина Матавеллд талархал илэрхийлсэн юм.

Хатагтай Аржентина Матавелл энэхүү хүндэт Өргөмжлөлөөр шагнуулсандаа баяртай байгаагаа илэрхийлээд, энэ шагнал зөвхөн НҮБ-ын хүн амын сангийн үйл ажиллагаагаар зогсохгүй НҮБ-аас авч хэрэгжүүлж буй бүхий л үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэллээ. Тэрбээр, өмнө нь ажиллаж байсан НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчдийн хүчин чармайлт  маш их байсан гэдгийг ч онцолж байв.  Хатагтай Аржентина Матавелл цаашдын хамтын ажиллагаагаа  лам өргөжүүлж,  жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг бүрэн дүүрэн хэрэгжүүлжүүлэхэд хүчин чармайлт тавьж ажиллах болно гэв. Мөн эмэгтэйчүүүдийг сонгуульд шударга, тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлэх, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх квотын зарчмыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж