Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Монголд хүн байна уу

Эргэлзээ тээсэн асуул­тууд олон байдаг. Тэдгээрт хариулт олно гэдэг амаргүй л дээ. Гэхдээ сүүлийн үед нэг л асуулт толгой гашилгаад байх болов. Тэр нь “Монголд хүн байдаг уу” гэх асуулт. Уг нь би өөрийгөө болон өрөөл бусдыг хүн л гэж боддог л доо. Гэтэл зарим үед ямаа, тэмээ, янгир, ухна гэж хэлүүлээд эхлэхээр бас л эвгүй шүү. Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэж ярьдаг даа. Бид яг л дээрх шиг яваад байгаа юм биш үү. УИХ 76 гишүүнтэй. Тэднийг хаанаас нь ч харсан хүн л дээ. Гэтэл зарим нь тэднийг ямаа гээд байх юм. Би зөрүү хараагүй бол ямаа хоёр эвэртэй, дөрвөн хөлөөрөө явдаг амьтан бай­даг биз дээ. Монголд 160 гаруй мянган оюутан байдаг. Тэд автобусанд орохоороо бас л кондукторт ан амьтны нэрээр дуудуулаад эхэлдэг юм байна лээ. Гудамжинд зөрж өнгөрөх залуус нэгийгээ “гөлөг” гэж гоочлох нь сонсогддог. Харахад бол гөлөг биш хүн л байдаг. Одоо ингээд зун боллоо. Гудамжинд зөрж өнгөрөх бүсгүйчүүдийг буга, согоо, сайхан амь­тан болгож хардаг моод дэлгэрдэг цаг. Угтаа бол гоё сайхныг л магтаж байгаа хэрэг. Гэтэл сайхан бүхнийг амьтантай зүйрлэнэ гэдэг доромжлол биш гэж үү. Зуны дараа намар болно. Тэр үед хүмүүс бээрсэн болжмор болж хувирна. Ер нь ингээд харахаар Монголд хүн байхгүй ан амьтад л байна  даа. Интернэт сайт дээр  байгаа материалуудын сэтгэгдлийг ха­рахад би­чүүлэгч этгээд   бол ерөөсөө л гахай болчихсон байгааг баримт биш гэхгүй нь тодорхой. Гэхдээ энэ нь бидний буруу биш гэх хүн гарч мэдэх юм. Учир нь Чингис хаан хүртэл өөртөө зүтгэдэг журамт баатруудаа Хүлэг баатар гэж өргөмжилдөг бай­сан юм билээ. Ингэхээр бид өнөөдөр л хүнийг амьтантай зүйрлээгүй юм байна. Гэхдээ л сайхан эмэгтэйг мууртай зүйрлэнэ гэдэг нэг л биш ээ. Сайхан залууг баавгайтай зүйрлэнэ гэдэг бол маш том харааны гажиг биз дээ. Ер нь би ганцаараа ийм юм уу, бусад хүмүүс харааны гажигтай юм уу. Мэдэх юм алга, ямар ч байсан Монголд хүн нэртэй амьтад л олон байх шиг байна.

Б.ЭНХМӨНХ

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж