“Дэн дун” Дэмбээ дарга

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

“Дэн дун” Дэмбээ дарга

Эрхэм спикер эдийн засгийн сэдвээр элдэв юм яриад байдаггүй нэгэн. Гэвч хаа нэг илэрхийлсэн байр суурь нь хааш яйш агуулгатай болчих гээд байх юм. Тэрбээр саяхан Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн дарга, ажлын хэсгийн ахлагч Стивен Бартнеттэй уулзахдаа “Бид танай байр суурийг бүрэн дэмжиж байна” хэмээсэн. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага, ОУВС гэсэн хоёр институтийн байр суурь айхтар зөрчилдөөд байдаггүй ч Монголын төсөв, санхүүгийн бодлогын чиг­лэл нь илт эсрэг тэсрэг. Жишээ нь, ОУВС-ийнхан манай УИХ-д хандаж “Халамжийн хөтөлбөрүүдээ оновчтой, цэгцтэй болгохгүй бол төсвийг чинь “алж” байна” гэх шүүмжлэлийг байнга хэлдэг. Харин манайхан хэзээд эсрэгээр нь ажиллаж ирсэн. Тэгсэн хэрнээ “Санал нэг байна” гэж хэнэг ч үгүй хэлэх нь нэг л зохимжгүй санагдав. Дэмбээ дарга улсынхаа эрх зүйн бодлогыг тодорхойлдог байгууллагыг толгойлж байгаагийн хувьд “Бид ийм замаар явна. Та бүхний зөвлөгөөг авахыг нь аваад, гээхийг нь гээнэ” гээд шулуухан хэлж чаддаггүй юм гэхэд дээрх шиг “дэн дун” юм ярихгүй байж болдоггүй л юм байхдаа. Үнэхээр санал нэг байгаа бол зөв, буруу байхаас үл хамаараад УИХ яг л ОУВС шиг бодлого баримтална гэсэн үг үү.

Ч.Дашдэлэг

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж