Ерөнхийлөгчийн хоригийг 10 хоногийн дотор хэлэлцэх хуультай

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хоригийг 10 хоногийн дотор хэлэлцэх хуультай

УИХ-ын захирамжаар наймдугаар сарын 3-14-ны хооронд ээлжит бус чуулган зарлан хуралдахдаа МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, мөн Өршөөлийн хуулийг баталсан. Өршөөлийн хуулийн тодорхой заалтуудад Ерөнхийлөгч хориг тавьсан. Ээлжит бус чуулганыг хааж УИХ дарга үг хэлэхдээ ээлжит бус чуулганыг дахин зарлахаа илэрхийлсэн. Тиймээс  ээлжит бус чуулган хэзээ зарлан хуралдах талаар УИХ-ын Тамгын газрын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батхандаас тодруулга  авлаа.

-Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хэзээ зарлагдах бол гэсэн хүлээлт улс төрийн хүрээнийхэнд багагүй байна?

-Монгол Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т заасны дагуу УИХ-ын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргадаг. УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдсэн учир хоригийг хэлэлцэх шаардлага тулгарч байгаа, түүнчлэн Ерөнхий сайд өргөн барьсны дагуу Засгийн газрын шинээр томилох сайд нарын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх хоёр шалтгааны улмаас  УИХ-ын ээлжит бус чуулганыг дахин зарлахаа мэдэгдсэн. Одоогоор Засгийн газрын зургаан сайдыг шинээр томилох асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлээгүй байгаа учраас ээлжит бус чуулганы тов гараагүй байна. 

-Ерөнхийлөгч хориг тавьснаас хойш хэд хоногийн дотор Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт бий юу?

-Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу “Хууль, УИХ-ын бусад шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хууль хориг тавьсан бол чуулганы үеэр хоригийг 14 хоногийн хугацаанд, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж, тогтоол батална” гэж заасан байдаг.

-Ерөнхий сайд Засгийн газрын зургаан сайдын асуудлыг өргөн мэдүүлсэн тохиолдолд Тамгын газрын зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах бэлтгэл хангагдсан болов уу?

-Наймдугаар сарын 3-14-ний өдрүүдэд хуралдсан ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ ээлжит бус чуулганы зарлана гэдгээ хэлсэн.   Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан, мөн Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн Засгийн газрын шинээр томилох зургаан сайдын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэсэн чиглэл авсны дагуу УИХ-ын Тамгын газар  ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах бэлтгэлийг бүрэн хангасан. Ер нь ээлжит бус чуулган зарлаагүй, чуулганы чөлөөт цагт ч УИХ-ын Тамгын газрын үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилж, хэвийн явагдаж байдаг.

                                                                                                                                                Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж