Себастьян Коу IAAF-ыг удирдана

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Себастьян Коу IAAF-ыг удирдана

Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 50 дахь удаагийн конгресс Хятадын Бээжин хотод боллоо. Хурлын үеэр холбооны шинэ удирдлагыг сонгосон бөгөөд 210 орны төлөөлөгч оролцжээ.


Манай улсаас Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар нар уг хуралд оролцов.

IAAF-ны ерөнхийлөгчийн сонгуульд хөнгөн атлетикийн домогт тамирчин, олимпийн хошой аварга Себастьян Коу, дэлхийн 10 удаагийн аварга, олимпийн аварга Сергей Бубка нар өрсөлджээ. Улмаар санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдөөс 115 нь Коуг дэмжсэнээр тэрбээр ирэх дөрвөн жилд IAAF-г удирдахаар болж байгаа юм.

Харин Бубкад 92 төлөөлөгч саналаа өгчээ. Санал хураалтад оролцсон манай улсын хувьд Сергей Бубкаг дэмжсэн байна. Шинэ ерөнхийлөгч “Миний хайртай спорт надад итгэл үзүүлсэнд маш их баярлаж байна. Би өнөөдрөөс хамгийн дуртай ажлаа хийх боллоо. Хөнгөн атлетикийн спортыг цаашид илүү их хөгжин дэвжүүлэхийн төлөө ажиллана” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Себастьян Коу өдгөө 58 настай бөгөөд барон хэргэмтэй, Их Британийн Рыцарын одонтой нэгэн аж. 1990 онд их спортоор албан ёсоор зодог тайлж улс төрч болсон байна. Тэрбээр 2012 оны Лондоны олимпийг зохион байгуулах комиссын даргаар ажилласан юм. Түүнчлэн 2007 оноос олон улсын хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байв. Сонирхуулахад, Коэ дөрвөн жилийн хугацаанд холбоо бүрт 200 мянган ам.доллар өгнө хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгасан нь Бубкагаас илүү олон санал авахад нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.

Б.ЗУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж