Автобусны цахим картгүй хүмүүс хайрцганд хийх 500 төгрөгөө тааруулж задлах гэж будилна. Эсвэл хаанаас авахаа мэдэхгүй, шинэ маршрутад толгой эргэж буй. Сайн, муу хэл ам дагуулсаар ийнхүү нийтийн тээврийн салбар шинэчлэгдэж байна. Ууртай кондукторууд, урд хойд хаалгаар шахцалдах иргэдийг зохицуулж буй шинэчлэлийн талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралтай ярилцлаа.
-Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийх шаардлагатай гэж олон хүн ярьдаг. Гэтэл саяхнаас нэвтэрсэн шинэчлэлд иргэд дасахгүй, будилж байна?
-Нийтийн тээврийн хуучин систем хотын хүн амыг 600 мянга байхад л хэрэгжиж байсан. Гэтэл одоо нэг сая давсан хүн амтай болчихлоо. Зам, барилгын салбар ч хөгжиж байна. Тиймээс кондуктор нь бэлэн мөнгө хурааж авдаг хуучны системийг халах хэрэгтэй. Нийтийн тээврээр ихэнхдээ тэтгэвэрийн насныхан, цагдаагийн байгууллагынхан, оюутнууд л зорчдог. Хөнгөлөлттэй зорчдог иргэдэд зориулж татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд 53 тэрбум төгрөг зарцуулдаг. Ийм хэмжээний мөнгө гаргаад байхад л нийтийн тээврийн үйлчилгээ сайжирдаггүй. Жолооч нь тамхи татаж, утсаар ярина. Хурд хэтрүүлж, гэнэт тоормослоно. Энэ бол маш зэрлэг үйлчилгээ. Татвар төлөгчдийн мөнгийг зөв зарцуулах хэрэгтэй. Тэтгэврийн насны нэг хөгшин сард хоёр удаа л автобусаар зорчдог гэж бодъё. Гэтэл түүнийг өдөр бүр автобусанд зорчсоноор компаниудад мөнгө олгодог. Харин цахим системээр энэ бүх мэдээллийг хянах боломжтой. Зарим иргэн бидний хийж буй шинэчлэлд бухимдаж, зарим нь огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ хэдэн жилийн дараа өөр ойлголттой болох байх.
-Цахим картнаас илүү шинэ маршрут хэл ам дагуулж байна. Олон автобус дамжихаар цаг хугацаа алдаж, мөнгө их зарцуулж байгаа. Заавал ийм зохицуулалт хийх ёстой байсан юм уу?
-Манай улс жилд 1.2 тэрбум долларыг гаднаас түлш авахад зарцуулдаг. Хотын нэг захаас нөгөө зах хүртэл явдаг автобуснууд их түлш хэрэглэдэг. Тиймээс богино эргэлт хийж, түлшээ хэмнэх хэрэгтэй. Олон жил явж хэвшсэн маршрутаа өөрчлөх хэцүүг ойлгож байна. Гэрээсээ гарангуут автобусанд суугаад, ажлынхаа үүдэнд буух хүсэлтэй иргэд олон байна. Хэдхэн метр газар алхахад ямар ч асуудал байхгүй. Гэтэл шинэчлэл таалагдахгүй байна гээд л уруулаа унжуулаад суучихдаг. Танд таалагдахгүй байгаа ч хажууд тань сууж буй хэн нэгэнд таалагдаж болно. Түүнчлэн цахим карт худалдаж авахад иргэдийн өрхийн төсөв хүрэхгүй байна гэсэн. Гар утасны нэгж хэрэглээ болчихсон байхад цахим карт яагаад тийм байж болохгүй гэж. Иргэд энэ бүхнийг зохицуулж сурах хэрэгтэй.
-Замын хөдөлгөөний тухай хуулийг саяхан баталсан. Энэ хуульд нийтийн тээврийн тухай хэд хэдэн заалт орсон гэсэн үү?
-Энэ хуульд иргэдэд ээлтэй хэд хэдэн заалт бий. Жолооч хурд хэтрүүлэх, тамхи татах зэрэг зөрчил гаргавал хариуцлага хүлээдэг болно. Хууль, журамтай болоод эхлэхээр бүх зүйл цэгцрэх байх. Иргэд нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлтээ байнга мэдээлэх хэрэгтэй. Энэ нь бусдыг матаж байгаа хэрэг биш юм. Замын хөдөлгөөний тухай хуулийг ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон.
-Шинэчлэлийн систем хэрэгжих хугацаа бий юу. Засаг өөрчлөгдөхөөр дахиад өөр систем гарч ирнэ гэж зарим хүн ярьж байна?
-Шинэ системийн хэрэгжих хугацаа хязгааргүй. Харин хэрхэн хэрэгжих нь иргэдээс л хамаарна. Нэгнийхээ хийж буй ажлыг шүүмжлээд, урагш алхахгүй байвал шинэчлэл хийгдэхгүй. Дэлхийн бүх хот ийм системд шилжээд байхад бид юугаараа дутах юм. Нийтээрээ нэг үзэл бодолтой байвал нэг сарын дотор ч шинэчлэл хэрэгжиж болно. Ямартай ч хуучин системийг март, баяртай гэж хэл.
-Кондукторууд цаашид хянагчийн ажлаа хийх үү?
-Кондокторууд бэлэн мөнгө хураадаг байхдаа орлогоосоо хумсалдаг байсан. Цахим системд шилжсэн ч хулгай хийсээр л байна. Сурсан зангаа тавьж чадахгүй байгаа хүмүүст хатуу арга хэмжээ авна. Залуу эмэгтэйчүүд кондукторын ажил их хийдэг болсон. Тэд шударгаар ажиллаж чадвал хянагчаар ажиллаж болно. Хэл ам гаргаж, хулгай хийж байгаа хүмүүсийг ажиллуулах шаардлага байхгүй.
-БНСУ-ын цахим системийн жишгийг нэвтрүүлж байгаа гэсэн. Тэд ямар зөвлөгөө өгч байгаа вэ?
-Цахим картны системийг БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч хийж байгаа. Дэлхийн хотууд нэгнийхээ туршлагаас суралцдаг. Энэ жишгээр л хамтарч ажиллаж байна. Зарим хүн биднийг мөнгө идлээ гэж хардаж байна. Нийтийн тээврийн салбараа шинэчлэхээс өөр хүсэл, шунал бидэнд байхгүй
-Нийтийн тээврийн компаниудын орлого нэмэгдэж, шинэ систем ашгаа өгч байгаа гэсэн үү?
-Нийтийн тээврийн компаниудыг ажлынх нь гүйцэтгэлээр цалинжуулах ёстой. Ингэж байж л бид хүссэн үйлчилгээгээ хүртэж чадна. Цонх нь цантдаггүй, тохилог, чанартай автобусыг өндөр үнээр л худалдаж авна. Тиймээс тэднийг дэмжих хэрэгтэй байна. Энэ бол цэвэр зах зээл. Санхүүгийн шударга байдал, аюулгүй үйлчилгээгээр хувийн компаниуд өрсөлдөх хэрэгтэй. Орлогын төлөө бус, үйлчилгээгээрээ уралдах цаг ирсэн. Үйлчилгээ муутай компанийн автобусанд суухгүй байх эрх нь иргэдэд бий.
Э.НЯМДУЛАМ
Эх сурвалж: "ӨНӨӨДӨР" СОНИН
www.ulaanbaatar.mn