Төрийнхөн өөрсдөө явган замаа чөлөөл

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Төрийнхөн өөрсдөө явган замаа чөлөөл

Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах тухай захирамжийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн засаг дарга гаргасан байдаг. Улмаар өнгөрсөн зургадугаар сарын нэгэн гэхэд нийтийн эзэмшил газрыг чөлөөлж, аж ахуй нэгж, байгууллагууд тохижилтын ажлаа эхлүүлэх үүрэгтэй байсан ч хөрөнгө мөнгө удсан гэх шалтгаанаар явган зам чөлөөлөх ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байв. Ямартай ч явган хүн алхах замыг өөрийн дураар таглаж, бөглөсөн нэгний байгууламжийг чөлөөлж, нийслэлийн иргэд чөлөөтэй алхах зам талбайтай болох шийдвэрийг хотын дарга гаргасан нь нэг дэвшил.

Гэтэл нийтийн эдэлбэр газар, явган зам чөлөөлөх захирамж хэрэгжээд удаагүй байтал дахин нэг  явган замыг таглан авто замын орох, гарах гарцын замыг төрийн байгууллагуудын захиалгаар барьсан байх юм.  Тэгэх тэгэхдээ бүр төрийн байгууллага ингэж нийтийн эзэмшлийн явган замыг хаажээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэг ОБЕГ-ын баруун талын явган замын нэг хэсгийг өндөрсгөж, авто зам болгожээ. Эх сурвалжийн мэдээлснээр ОБЕГ-ын залгаа баригдаж буй энэ барилгад Онцгой байдлын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын авто машинууд байрлах гэнэ. 

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй.

Авто гараашийн зориулалттай тус барилгыг дээрх хоёр байгууллагын захиалгаар "Эко холдинг" компани гүйцэтгэж байгаа аж.

Хотын даргын захирамжийг үл тоож, явган зам таглан зам барих зөвшөөрлийг "Эко холдинг" компанид хэн өгчихөв? Эсвэл "Эко холдинг" компани дур мэдэж, явган зорчигчдыг бартаад замаар алхуулахаар шийдэв үү? гэдэг асуулт иргэдийн дунд байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж