Усан хөшигний “үлгэр” бүү давтагдаасай

Хуучирсан мэдээ: 2015.08.20-нд нийтлэгдсэн

Усан хөшигний “үлгэр” бүү давтагдаасай

Нийслэлчүүд бид долдугаар сарын 23-ны өдөр “алдарт” усан хөшигтэй болсон. Усан хөшигний нээлт ч гэж сүртэй ээ, сүртэй. Жил ирэх тусам хөрс, агаар нь бохирдож, хуурайшилтад нэрвэгдэх болсон  Улаанбаатар хотод энэ нь хэрэгтэй бүтээн байгуулалт уу гэвэл бүгд л “тийм” гэж хариулах байх. Гэхдээ 70 сая төгрөгөөр боссон, дээрээс нь нээлтээ хийсний маргааш нь эвдэрнэ гэдгийг мэдэхээс өмнө шүү дээ. Гэвч одоо яая гэх вэ. Нэгэнт боссон бүтээн байгуулалтаа чамлахаар чанга атга. 70 сая ч бай, долоон саяар ч хийсэн байлаа гэсэн одоо үүнийг тордож цэцэглүүлэх ажил л үлдсэн.

Нээлтээ хийгээд гурав ч хонохгүй эвдрэх үед албаныхан “Тохижилтын ажил дуусаагүй. Тиймээс наймдугаар сарын 10 гэхэд тохижилт хийгдээд бүрэн ажиллаж эхэлнэ” гэж байв. Тэгвэл өнөөдөр наймдугаар сарын 20-ны өдөр. “Улаанбаатар нэгтгэл” компанийн дарга Д.Энхсайханы хэлснээр наймдугаар сарын 10-нд тохижилт бүрэн дуусаад Арслантай гүүрнээс 300 метр газар усан толио үүссэн байх учиртай. Гэвч өнөөдөр Усан хөшиг маань бүрэн тохижиж толио татуулах нь бүү хэл нам жим хэвээр л байна.

Усан хөшиг яагаад одоог хүртэл ажиллахгүй байна вэ?

Энэ асуултад “Улаанбаатар нэгтгэл” компаниас “Тохижилтын ажил хийж байгаа” гэж хариулав. Харин нийслэлээс “Хоёр цаг ажиллуулаад нэг цаг амрааж байгаа. Тэгээд ч сүүлийн хоногуудад бороотой байна” гэх тайлбар хэлэв. Ийнхүү засч бардаггүй, тохижиж дуусдаггүй алдарт Усан хөшигтэй болов оо бид. 

Гэнэт нэг үг санаанд оров. “Бид цаашид Маршил, Дунд гол зэрэг томоохон гүүрэнд энэ Усан хөшигийг хийхээр төлөвлөсөн” гэх Б.Бадрал даргын бахдалтай үг. Усан хөшигний нээлтийн туузыг хайчлахдаа тэр ингэж хэлсэн.

Ээ бүү үзэгд. 70 сая+70 сая 140 сая төгрөгөөр дахиад хоёр Усан хөшиг босох нь ээ. Олон нийтийн сүлжээгээр, сайт, сонин, телевизүүдээр 70 сая төгрөгөөр “аварга” бүтээн байгуулалт хийснийхээ төлөө тэд багагүй банга хүртсэн. Тиймээс тэд дараагийн удаад “жинхэнэ” Усан хөшигөөр нийслэлчүүддээ бэлэг барихын ерөөл тавья. Усан хөшигний “үлгэр” бүү давтагдаасай билээ.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж