Архангай аймагт айхавтар эрдэм чадалтай бариач, илээч байдаг тухай сонсоод удаж байна. Саяхан нутгийн эгч маань зүүн хязгаараас ирээд аврагч бурхан Дагмид гуайг зорин явна гэсэн юм. Тархиндаа цус харваад хүний асрамжинд байгаа түүнийг хориглох эрх байсангүй. Харин тэр мундаг хүний эмчилгээ хэр шинжлэх ухааны үндэстэй бол гэж бодож байлаа. Харин саяхан уламжлалт анагаах ухааны эмч Н.Алтанхундагын нийтлэлийг уншаад олонд хүргэх нь зөв санагдсаныг нуух юун. Тиймээс эмчийн нийтлэлийг хүргэе.
…Миний ээж эмч,би эмч,охин маань анагаахад их эмч болохоор сурч байгаа.
Би 23 жилийн өмнө АУИС-ийн анхны УАУ ангийг онц төгсөж байлаа.Миний анхны зорилго л тэр үедээ дөнгөж зохих ёсоор дахин шинэ түвшинд хөгжиж эхэлж байсан Монголын УАУ гэдэг том соёлыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцох явдал байсан болохоор өөрийнхөөрөө шийдэн энэ зорилгод хамгийн чухал гэж үзсэн талбар болох практик гэдэг зүйл рүү эргэлт буцалтгүй орсон юм.Энэ хугацаанд яг улсын эмнэлэгт ажиллах нь цаг хугацаа бичиг цаас дарга цэргийн дарамт гээд өөрийнхөөрөө чөлөөтэй ажиллахад ялангуяа энэ соёлын хамгийн гол хэрэглэгч нар нь амьдардаг хөдөө орон нутгаар явж ажиллахад цаг зав гарахгүй болохоор голдуу хувиараа хөдөө орон нутагт явж ажиллаж эсвэл 2-5 жилээр тогтож амьдардаг байлаа.Одоо ч Сэлэнгэ аймгийн Хөтөл хотод ажиллаж амьдарч байна.Эргээд бодоход УАУ г хөгжүүлэхэд эхнээс нь гар бие оролцон хамгийн тэргүүн шугаман дээр нь бие хайргүй зүтгэсэн шүү гэж өөрөөрөө бахархах боловч хайхрахгүй байж болохгүй, түмний сонорт хүргэн санаа бодлоо нэмэрлэхгүй байж болохгүй олон асуудал байгааг зүгээр өнгөрч чадахгүй нээ.
Саяхан фейсээс Архангай аймгийн Хашаат сумын Дагмид гэж ханадаг хатгадаг хүний талаар уншлаа.Харваад мэдээгүй болсон олон л хүнд хануур хийж эдгээсэн юм байх.Хөдөө гэрийнхээ хажууд 2 жижиг отрын гэрт 20 орчим хүн байлган эмчилгээ хийж байна гэнэ.Эмнэлгийн мэргэжилгүй саальчин эхнэр нь сувилагчийг нь хийдэг.23 жил хануур хийж хүн эмчиллээ.Уул нь морь л хатгадаг хүн, Хүний өвчнийг багаасаа бүр могой ярыг гэхэд л 5-6 ангиасаа хатгаж дотроос нь өт гаргаж эмчилдэг байсан.Олон эмч нар энэ хүнд шавь орох гэж ирдэг ч судас барьж мэддэггүй болохоор юм сурдаггүй юм байна гэсэн зүйл нийтлэгджээ.Ганц фейс дээр энэ хүний талаар гараад өнгөрвөл тоохгүй л байх байлаа.Гэтэл надад үзүүлдэг эмчлүүлж байсан хүмүүсийн яриагаар бол энэ хүний алдар их газар авсан бололтой. Э.Бат -Үүл дарга эмчлүүлж эдгэрээд хүнд буян болж яваарай гээд хотод 2 өрөө байр өгсөн гэнэ,Нэг газар байлгахгүй хүмүүс аваад явчихдаг гэнэ,Эрдэнэтэд ирэх гээд эмчлүүлэх гэсэн хүмүүс Дарханаас Эрдэнэт үрүү бөөндөө явж байна. Энэ зун авгайгаа аваачиж хатгуулна.Цус ялгах тан өгдөггүй юм байна лээ гээд л олон зүйл сонслоо.
Энэ бүхнээс үүдэн эмч хүний хувьд, ялангуяа уламжлалт эмнэлгийн чиглэлээр 7 жил сурч төгссөн ,23 жил практик дээр ажиллаж байгаа ,магистр зэрэгтэй их эмчийн хувьд ийм бодол төрлөө.
Халуун өвчин түүний дотор дэлгэрсэн,боловсорсон халуун өвчнийг ханадаг цаг тухайд нь өвчтөний эрүүл цусыг нь ялгах танг 3-7 хоног уулгасны дараа цаг, өдрийн сайныг сонгон ханадаг уламжлалт эмчилгээ бол ард түмний маань өв хөрөнгө юм.Эртнээс ард түмний дунд бариач илээч оточ зэрэг эмнэлгийн боловсролгүй боловч зохих ёсны мэдлэгтэй гарын дүйтэй хүмүүсээр эмчлүүлж ирсэн заншил бий нь бий.Өөрөө хөөцөлдөж гавьяа шагнал нэр төр хөөцөлдөөгүй л болохоос энэ хүний хийсний хэрийг хийсэн дайны юм надад ч байгаа л байлгүй дээ.Энэ хүнтэй барьцсан зүйл надад байхгүй ээ.Хүмүүс өөрсдөө эмнэлгийн биш хүнд амь амьдралаа даатгахаас айхгүй ,тэр хүн өөрөө хүн буруу эмчлээд алчих вий гэж айхгүй л бол 2 биендээ болдог л юм байгаа биз.Гэхдээ тэр хүүхэд байхаасаа л ханаад зүгээр болгочихдаг байсан гэх могой ярны талаар бол вирусээр үүсгэгддэг өвчинд ийм юм хэлж байгаа хүнийг эмч болгон л гайхна биз дээ.Тэр хүний эрэгтэй эмэгтэй хүний цусны эргэлтийн талаар ярьж байгаа нь ч гэсэн уламжлалт эмнэлгийн чиглэлийн бус хүнд үнэмшилтэй сонсогдох байх л даа.Уламжлалт эмнэлэгт эрэгтэй хүний зүрхний орой зүүн гар тал уруугаа,эмэгтэй хүний зүрхний орой баруун тал уруугаа хазайсан байдаг тул судсыг нь барихдаа эрэгтэй хүний зүүн гарын ,эмэгтэй хүний баруун гарын цун дээр зүрхний нь судсыг барина гэсэн ойлголт байхаас эрэгтэй эмэгтэй хүний цус баруун зүүн эргэдэг гэсэн ойлголт байхгүй.
Яагаад 23 жил ажилласан туршлагатай их эмч би 2-3 АУДуС-ийн уламжлалтын ангийг төгссөн мэргэжлийн сувилагчтай,3 өрөө байрыг эмнэлэг болгон тохижуулсан ажлын байртай, ажиллаж байсан хугацаандаа зохих газрын зөвшөөрөлтэй байсан надад тусгай зөвшөөрлийг маань зориулалтын бус байранд байна,ариун цэврийн шаардлага хангахгүй байна,эмнэлгийн ажилтнуудын тоо дутмаг байна,тусгай зөвшөөрөл сунгуулахаар бичиг баримтаа цэгцлээгүй байна ер нь бол стандартад нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар ажиллах зөвшөөрөл сунгахгүй гэж Сэлэнгэ аймгийн ЭМГ аас шалгалтаар ирсэн тусгай зөвшөөрлийн комиссын хүмүүс гээд хэдэн хүн хэлээд явсан байхад ямарч зохих анхан шатны шаардлага хангахгүй нөхцөлд байгаа эмнэлгийн биш энэ хүн яагаад ямарч хяналт шалгалтгүй 23 жил ажилласан байдаг юм бэ.Тэр олон хяналт шалгалт нь нүдгүй чихгүй юм уу,эсвэл зөвхөн зөвшөөрөл авсан эмнэлэг сувиллаа шалгадгаас зөвшөөрөлгүйг нь шалгадаггүй юм уу,Яагаад тэр дарга даамал УИХ гишүүд нь хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ,улсын ачааллыг бага ч гэсэн хөнгөлөн ажиллаж байгаа хувийн эмнэлгүүдээ дэмжихгүй адуучин,саальчнаараа эмчлүүлж тэдгээр хүмүүсээ урамшуулаад байгаа юм бэ, Яагаад миний ээж 30 жил улсад эмнэлгийн байгууллагад ажиллаж тэтгэвэрт гарчихаад байртай болох байтугай үнэгүй хагалгаа хийлгэх эрхгүй байгаа юм бэ,яагаад миний охин 3 жилийн дараа их эмч болж сургуулиа төгсөж ирээд ажиллах байсан, жижиг ч гэсэн улсаас нэг төгрөгний гарз гаргаагүй байгуулагдсан ,тухайн орон нутгийнхаа хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байсан эмнэлэг нь стандартад нийцэхгүй гэж хаагдаж байгаа юм бэ,яагаад олон жил сурч төгссөн их эмч нар хөдөөгийн нэг адуучнаар хануур хийх талаар заалгах ёстой болчихоод байгаа юм,тэр олон анагаахын сургууль ,мэргэжлийн дараах сургалт,уламжлалтын ангиуд нь нэг адуучнаас илүү зүйл зааж чадахаа больсон юм уу,жил бүр төгсөж байгаа олон уламжлалтын эмч нар нь яагаад хөдөө орон нутагт очиж ажиллахгүй адуучид нь эмч хийгээд ,саальчин хүүхэн сувилагч хийгээд байгаа юм бэ гээд олон асуулт байна.
Надаар Монгол дутахгүй л байлгүй.Надаар Монголын ард түмэн дутахгүй л байлгүй.Гэхдээ би олон хүний амь амьдралыг хэцүү үед хамгаалан ажиллаж байгаа жирийн олон эмч нарын нэг .Энэ олон жирийн эмч нарынхаа ажил хөдөлмөрийг цаг тухайд нь зөв үнэлэн урамшуулж ,улсын ч хувийн ч байгууллагад ажилладаг байсан ялгаагүй ажиллах боломж нөхцөлийг нь,ажиллах эрх зүйн үндсийг нь хуулиар нээж өгч байхгүй бол нэг цагт бүгд л адуучнаараа судсаа хатгуулж ,саальчнаараа шархаа боолгох вий гэж дээ.
Эцэст нь нийт эмнэлгийн салбарт ажилладаг нөхдөө уриалан хэлэхэд энэ нөхөр болон энэ хүнийг өөгшүүлэн дэмжээд байгаа бусдад нь зай завсар гаргахгүй болтол,ганц миний ч бус олон уламжлалтын эмч нарын олон жилийн ажлыг үгүйсгэж байгаа энэ мэт зүйлийг өөгшүүлэн ард түмний амь насаар дахин тоглохгүй болтол нь,ард түмнийг эмнэлгийн бус хүнээр амь насаараа тоглуулахгүй байхыг ойлгох хүртэл нь,эдгээр луйварчдад ЭМЯ зохих арга хэмжээ автал нь миний нийтлэлийг тараахыг уриалж байна.
Хүндэтгэсэн Н.АЛТАНХУНДАГА