Солонгосчууд монголыг онилж буйгаа нуусангүй

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Солонгосчууд монголыг онилж буйгаа нуусангүй

Монголын уул уурхайд соёлтой­гоор  “сээтэн хаясан” уулзалт өчиг­дөр болж өндөрлөв. Энэхүү уулзалтыг БНСУ-ын уул уурхай, санхүү эдийн засгийн салбарын төлөөлөгчид “Солонгос-Монголын бизнес форум” нэрийн дор зохион байгууллаа. Бизнес форумд оролцогчид уул уурхайн салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах зорилго өвөрлөн иржээ. Форумыг БНСУ-ын Мэдлэг, Эдийн засгийн дэд сайд Сан Жик Ён тус улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ил Чунг болон “Мэйл Кёнгжэ” хэвлэлийн группийн ерөнхийлөгч  Жан Дэ Хуан нар тэргүүлэн оролцсон юм. Уулзалтыг “Эрдэс баялгийн хөгжилд тулгуур­ласан Монголын эдийн засгийн хөгжлийн гарц” сэдвийн хүрээнд өрнүүлэв. Солонгос улсын хувьд мэдлэгт суурилсан эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж чадсан. Тиймдээ ч бидний хэрэглэж буй цахилгаан бараа, авто машин тэр улсын данстай.

Монгол улсын гадаад худалдаа оны эхнээс огцом өссөн дүн гарсан билээ. Нүүрсний экспорт л гэхэд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 56 хувиар өсчээ. Харин дэлхийн хаана ч гологдохгүй коксжих нүүрсээ бид тонныг нь найман ам.доллараар урд хөршид худалдаж байгаа. Гэтэл манай хөрснөөс малтаж гаргасан энэхүү нүүрстэй чанараараа дүйх нүүрсийг Австраличууд тонныг нь 200 хүртэлх ам.доллараар дэлхийн зах зээлд нийлүүлж байгаа юм. Тиймээс бид БНСУ-руу нүүрс экспортлох боломжийг эрэлхийлэх цаг нь иржээ. Уулзалтын үеэр солонгосчууд энэ асуудлыг нухацтай авч үзэхийг монголын талын төлөөлөгчдөд санал болгож байлаа. Солонгосчууд өнөөдөр Монголд бизнес эрхлээд, хамтарч ажиллаад байгаа нь тийм ч олон биш болов уу. Одоогоор цөөн тооны барилга  угсралтын компани, хоолны газар төдийхнөөр хязгаарлагдаж байна. Гэхдээ солонгосчууд бидэнд зайлшгүй хэрэгтэй  төмөр зам, нүүрс боловсруулах үйлдвэрийг барьж өгөх бүрэн чадамжтай юм.

Форумын талаар “Мэйл Кёнгжэ” хэвлэлийн группийн захирал Дае Ван Чанаас зарим зүйлийг тодрууллаа.
    

-Танай улсаас форумд оролцо­хоор хэдэн төлөөлөгч ирсэн бэ. Уулзалтын зорилго юу байв?

-Монголд анх удаа зохион байгуулж буй уг форумд манай улсаас 40 гаруй компанийн 60 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирлээ. Солонгосын Эрдэс баялаг, нүүрсний салбарын корпорациуд голчлон оролцож байна. Мөн санхүүгийн салбарын компаниуд ч цөөнгүй бий. Солонгос Улсад баялаг хэрэгтэй. Харин танай улсын хувьд дэлхийд баялгаараа эхний аравт ороод байгаа. Тиймээс хоёр улсын хооронд бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцаа байх ёстой.

-Манай улсын аль салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна вэ?

-Уул уурхай, зам тээвэр, барилгын гээд олон корпорацийн төлөөлөгчид ирээд байна. Тухайлбал, “Lotte engeenering and construction”, “Corea resourses corporation” зэргийг энд онцолмоор байна. Мөн хөрөнгийн болон санхүүгийн салбарынхан хүрэлцэн ирсэн.

Уулзалтын үеэр Эдийн засагч Н.Даш­зэвэг, “Солонгос Улс жижиг дунд үйлдвэрээс эхлээд хүнд үйлдвэр, мэдлэг шингэсэн техноло­гийн хөгжлөөрөө дэлхийд нэр хүнд­тэй. Ялангуяа эдийн засгийн хувьд ганцхан харилцагчтай манай улс солонгосчуудтай хамтрах шаард­лагатай” хэмээсэн юм. Мөн Уул уурхайн ассоциаци, Монголын үндэс­ний худалдаа аж үйлдвэрийн танхи­мын ерөнхийлөгч нар “Уул уур­хайн салбарт солонгосчуудаас бид хангалттай зүйлийг суралцана. Ядаж л нөхөн сэргээлтээ 70 хувьд хүр­гэх боломжтой” хэмээсэн юм. Мөн Сангийн дэд сайд Ч.Ганхуяг “Бид Солонгост монголчуудаа хөдөл­мөр­лүүлэхээс өөр зүйл хийдэг­гүй. Хамтын ажиллагаа алга гэж хэлэх хүмүүс цөөнгүй байна. Гэхдээ эдийн засаг тэлж, их өөрчлөлт гарах цаг ирж байна шүү дээ. Өнөөдрийг хүр­тэл экспорт, импортын зөрүү, гадаад худалдаа алдагдалтай байдаг байсан бол тун удахгүй тогтворжих төрх харагдаж байна. Харин тухайн үед бид байгалийн баялгаа мөнгө болгоод дотооддоо шингээх, үрэх бус түүнийгээ сангуудад хуваарилж, зөв хөрөнгө оруулалт хийх шаардлага гарна. Магадгүй бид Солонгост хөрөнгө оруулалт хийгээд “Daewoo”, “Samsung” корпорациудын хувьцаанаас ч хувь эзэмших цаг ирнэ шүү дээ. Тийм болохоор л эдийн засгийн загварын хувьд бид солонгосчуудаас сурах зүйл их байгаа гэж хэлээд байна” гэлээ.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж