Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Манай улс газрын тосны нөөцтэй хэрнээ ганц ч боловсруулах үйлдвэргүй. Энэ сэдвийг шатахууны хомсдолд орсон үедээ ёс төдий сөхөж тавиад дараа нь таг мартдагийг жирийн иргэд төдийгүй бодлого боловсруулагчид ч шүүмжлэх болсон. Тиймээс манай сонин энэ сэдвээр цуврал хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Хэлэлцүүлгийн хүрээнд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулахын ач холбогдол, шаардлага, эдийн засгийн боломж хийгээд хүндрэл бэрхшээлийн талаар иргэд, эрдэмтэн судлаач, эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын байр суурийг уншигчдадаа хүргэх юм.

Эхний удаад жолооч нарыг сонголоо. Тэд өнөөгийн хүндрэлээс гарах хамгийн оновчтой гарц нь боловсруулах үйлдвэр яаралтай байгуулах явдал гэдгийг нэгэн дуугаар хэлж байна.

Т.Энхбат: Түүхий нефтийн нөөцгүй бол бас яах вэ гэхсэн
/Том оврын автобусны жолооч/

-Шатахууны хомсдолд орохгүй, бусдын гар харахгүй байя гэвэл боловсруулах үйлдвэр байгуулахаас өөр арга байхгүй гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Газрын тосны нөөц байхгүй бол бас яах вэ гэхсэн. Гэтэл манай улсад хангалттай нөөц байна. Дорнодод хуучин ашиглаж байсан цооногоо цементээр таглаад орхисон. Тэр нь одоо хальж гарч ирээд борооны тогтоол шиг болчихсон байгааг телевизээр өчигдөрхөн харлаа. Ийм баялагтай байж орон даяараа түлшний хомсдолд ороод, гаднаас гуйж байна гэдэг бол шуудхан хэлэхэд гутамшиг. 

Ч.Бумаа: Айлаас гуйснаас авдраа уудлах хэрэгтэй
/Хувиараа таксины үйлчилгээ эрхлэгч/

-Манай улс газрын тосоо боловсруулах тухай олон жил ярьж байгаа ч бодит ажил хийхгүй байна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат газрын тосоор дээлээ мялааж байсан тэр үеэс л тодорхой ажил хийж эхэлсэн бол манай улс боловсруулсан бүтээгдэхүүн импортолдог бус, экспортолдог болчихсон байх учиртай. Гэтэл өнөөдөр байдал яг хэвээрээ. Олборлосон бүтээгдэхүүнээ бүгдийг нь биш юм гэхэд тодорхой хэсгийг нь боловсруулаад байвал дотоодын хэрэглээнд доголдол үүсэхгүй. Монголчууд “Айлаас гуйснаас авдраа уудал” гэж ярьдаг. Төр, засгийнхан энэ үгийг яагаад хэрэгжүүлж болдоггүйг үнэхээр гайхаж байна.

Д.Уламбаяр: Бүх салбарт үнэ өсөх аюултай
/Төрийн албан хаагч/

-Зөвхөн газрын тосны гэлтгүй эдийн засгийн бүх салбарт үйлдвэрлэл хөгжүүлэхгүй бол байнга хүндрэл гардаг. Шатахууны хомсдол ингэсгээд гайгүй болно гэдэгт эргэлзэж байгаа. Цаашид байдал улам хүндэрч мэднэ. Өнөөдөр газар тариалан, зам, барилга гээд том салбаруудын ажил доголдож байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгч, дэлгүүр, худалдааны төвүүд ч шатахууны үнэ өссөнөөс болоод бараа, үйлчилгээнийхээ үнийг нэмэхэд хүрлээ. Энэ бүхэн эцсийн дүндээ иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж бууна шүү дээ. Цалин нэмнэ гэвэл төсөв хүрэлцэхгүй. Тэгэхээр газрын тосны боловсруулах үйлдвэрийг яаралтай байгуулмаар байна. 

Эх сурвалж:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж