Газар хөдлөлтийн гамшгийн үед НҮБ-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн гамшгийн үед НҮБ-тай хамтарна

Газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед эрсдэлийг тодорхойлох, урьдчилсан бэлэн байдлыг хангах, болзошгүй гамшгийн үед манай улс НҮБ-тай хамтран ажиллах боллоо. Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр /VI.09/ НҮБ-ын Суурин төлөөлөгч, хатагтай Сезин Сенаноглуг хүлээн авч уулзан энэ талаар ярилцсан байна.  
Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангахад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах Байнгын ажиллагаатай зөвлөлийг Шадар сайд ахалж ажиллаж байгаа билээ. Удахгүй болох зөвлөлийн хуралдаанаар НҮБ-тай хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх юм. Энэ төлөвлөгөөг НҮБ-ын Монгол дахь Удирдлагын зөвлөл баталсаны дараа талууд хэрэгжүүлэх ажилдаа орохоор төлөвлөсөн байна. Төлөвлөгөө нь НҮБ болон олон улсын байгууллагын зүгээс Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, болзошгүй аюул тохиолдсон үед ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэргийг багтаасан 2 хэсэгтэй.

Төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд манай холбогдох байгууллагуудаас тодорхой мэдээлэл авч, хамтран ажиллах шаардлагатай байгааг Сезин Сенаноглу хэлээд үүнд дэмжлэг үзүүлэхийг хүсч, төлөвлөгөөний төслөө Шадар сайд М.Энхболдод гардууллаа.

Мөн зөвхөн газар хөдлөлт гэлтгүй болзошгүй бусад гамшгийн аюулыг эрт зарлан мэдээлэх аргачлалыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч боловсруулснаа танилцуулсан байна. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, тохиолдсон гамшгийн үед ажиллахад бэлэн байх нь учрах хохирлын хэмжээг эрс багасна. Болзошгүй гамшгийн үед иргэд өөрийнхөө болон гэр бүл, орчин тойрныхоо хүмүүсийн аюулгүй байдлыг хэрхэн хангах хангалттай мэдлэг, мэдээлэл байхгүй байгааг Шадар сайд М.Энхболд хэлээд ард иргэдийн сэтгэл зүйг бэлдэх сургалт, сурталчилгаа явуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллахыг хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж