Давуу эрхийн хувьцаатай холбоотой заалтыг хасчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Давуу эрхийн хувьцаатай холбоотой заалтыг хасчээ

Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулагч тал хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээнд Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх болон “Рио Тинто” компанийн Зэсийн бүлгийн гүйцэтгэх захирал Эндрью Хардинг нар өчигдөр гарын үсэг зурж, хэвлэлийнхэнд хандав. Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн оны сүүлчээр хөндсөн. Хөрөнгө оруулагчтай гэрээ хэлцэл хийсний эцэст Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт орууллаа. Гэрээнд хэд, хэдэн өөрчлөлт оруулсан бөгөөд Монголын талын эзэмшлийн 34 хувь буурахгүй байх баталгааг өглөө. Гэрээнд уг асуудлыг өмнө нь тусгасан байсан юм. Манай талаас шаардсан мөнгөн хөрөнгийг компанид нийлүүлэхээр шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран Монголын талын эзэмшлийн 34 хувийг зөвшөөрөлгүйгээр бууруулахгүй байх асуудлыг гэрээний төсөлд мөн баталгаажуулав. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгасан давуу эрхийн хувьцаатай холбоотой асуудлыг бүрэн өөрчлөх үүднээс хасахаар хөрөнгө оруулагч талтай тохиролцжээ. Харин Монголын талын санхүүжилт хийх эрхийн хувьд төсөлд шаардлагатай нийт мөнгөн хөрөнгийн өөрт ногдох хэсгийг манайх ямар ч үед гаргах эрхтэй болж байгаа юм. Түүнээс гадна дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдлаас үүдэн Лондоны банк хоорондох зээлийн хүү компани болон хувь нийлүүлэгч талуудад өндөр өртөгтэй болох тохиолдолд компани санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авахаар болов. Мөн санхүүжилт болон зээлийн хүүгээ долоон жил тутам дахин судалж, хэлэлцэхээр тохиролцжээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд гуравдагч этгээдээс авах төслийн санхүүжилтэд өөрчлөлт оруулсан байна. Уг өөрчлөлтөөр компани нь олон улсын банкны зах зээлээс Оюутолгой төслийн хувьд үр өгөөжтэй, зохистой гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг тэргүүн ээлжинд авч ашиглах заалтыг нэмж тусгасан аж. Хэвлэлийнхэнтэй уулзах үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Гэрээнүүд хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд төслийн санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээг бууруулах, санхүүжилтийн арга хэлбэр, нөхцөлийг Монголын талд илүү ашигтай байхаар шийдвэрлэх зэрэг асуудлаар хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ Засгийн газрын ажлын хэсгийн түвшинд эрчимтэй хийсэн” хэмээж байлаа. Харин Сангийн сайд С.Баярцогт “Бид Хөрөнгө оруулагч, Хувь нийлүүлэгч, Урьдчилгаа төлбөрийн гэсэн гурван гэрээнд гарын үсэг зурсан. Харин одоо Хөрөнгө оруулагч талуудын хувьцаа худалдах, шилжүүлэхийг хязгаарласан гэрээтэй нийлээд дөрвөн гэрээ боллоо. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын 34 хувь давуу эрхийн хувьцаа гаргаснаас болж буурч байна гэсэн маргаан дагуулсан юм. Тиймээс уг гэрээний санхүүжилт дотроос давуу эрхийн хувьцаатай холбоотой заалтыг хаслаа. Тэгэхээр ямар ч тохиолдолд Монголын талын 34 хувь буурахгүй” гэлээ.  

Ц.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж