Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцав

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярилцав

УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл Япон улсын Засгийн газрын хамтын ажиллагааны банкны
ерөнхийлөгч Риучи Кага тэргүүтэй Японы  “Марубени”, “Тоёо инженеринг”
корпорацын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Дархан-Уул аймагт
газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талаар санал солилцов.

Япон
Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны банк нь өөрийн орны томоохон аж
ахуйн нэгж, компанид хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлдэг туршлагатай
банк. Иймээс хоёр орны хамтын ажиллагааны шугамаар Дархан-Уул аймагт
газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэхэд Японы
Засгийн газрын банкны зүгээс дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа гэдгээ тус
банкны ерөнхийлөгч ноён Риучи Кага уулзалтын эхэнд мэдэгдэв. Тус банк
2008 оноос уг үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад
анхнаас нь дэмжлэг үзүүлж иржээ.

Тус банкны онцлог нь ихээхэн
хэмжээний санхүүжилт хийх боломжтой, зээлийн хугацаа урт, хүү нь зах
зээлийн бусад санхүүжилтээс бага нөхцөлтэй зэрэг давуу талтай. Бас
Засгийн газрын банк учраас хоёр орны найрсаг харилцааны бэлэг тэмдэг
болох юм. Харин тус банк Монголын Засгийн газрын баталгааны дагуу
санхүүжилт үзүүлэх учраас зээлийг хүлээн авагч нь ямар байгууллага
байхыг тодруулах нь чухал байгааг тэрбээр хэллээ. Мөн тус банк энэ
төслөөс гадна хиймэл дагуул ашиглан харилцаа холбоог хөгжүүлэх, нүүрс
боловсруулах чиглэлээр Монголд төсөл хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлэв.

Японд
байгалийн томоохон гамшиг тохиолдсон ч гэлээ Монгол оронд хөрөнгө
оруулахад бэлэн байгаа нь найрсаг сайхан сэтгэлийн илрэл хэмээн талархаж
буйгаа УИХ-ын дарга  илэрхийлээд “УИХ, Засгийн газар өөрийн оронд
газрын тос боловсруулах үйлдвэр барьж гаднаас түүхий тос авч
боловсруулах замаар дотоодын хэрэгцээг хангах зорилт тавьж байгаа. Энэ
үндсэн дээр ийм үйлдвэрийг Дархан-Уул аймагт байгуулахаар Засгийн газрын
үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан юм.

Засгийн газрын зүгээс
үйлдвэр байгуулах асуудал бүрэн шийдэгдсэн гэж үзэж байгаа. Үйлдвэр
барихад Японы Засгийн газрын зүгээс санхүүжүүлэгч байгууллага оролцох
болсон нь улам итгэл төрүүлж байна. Энэ чиглэлийн төслүүдийн талаар
саяхан Засгийн газраас мэдээлэл авахад Дарханы төсөл  ихээхэн
ирээдүйтэй, бэлтгэл нь үндсэндээ хангагдсан төсөл гэдгийг манай албаны
хүмүүс танилцуулж байсан. Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл
үндсэндээ гараад дуусч байгаа, ажлаа ойрын хугацаанд эхлэх бололцоотой
юм байна гэж бид ойлгож байгаа. Иймээс манай төр, засгийн шийдлийн
талаар та бүхэн эргэлзэх зүйлгүй. Засгийн газрын оролцооны тухай
асуудлыг шийдэх байх, энэ талаар зарим нэг санал ч яригдаж байгаа”
гэлээ.

Үйлдвэр барих хөрөнгийн санхүүжилтийн талаар Засгийн
газрын баталгаа гаргах асуудал зарчмын хувьд шийдэгдсэн. Хөгжлийн
банкаар дамжуулж Засгийн газар баталгаа гаргах боломж бүрдсэн. Эрх зүйн
болон бусад асуудлын хувьд энэ төслийг хэрэгжүүлэх боломж нээлттэй
болсон гэж үзэж буйгаа УИХ-ын дарга нэмж хэлэв.

Уулзалтад
оролцсон “Тоёо инженеринг” корпорацын дэд ерөнхийлөгч Какума Хатано
энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн санаа тавьж, дэмжлэг үзүүлсэнд нь
УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Манайх гадаад, дотоодын олон оронд
олон төсөл хэрэгжүүлсэн туршлагатай корпораци. Иймээс орчин үеийн өндөр
технологи ашиглаж үйлдвэр барих талаар бидэнд эргэлзэх зүйлгүй. Энэ
төсөл Монгол Улсад ялангуяа аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд маш чухал
ач холбогдолтой юм. Төслийн санхүүжилт шийдэгдвэл бид төслийг багцаар
нь хэрэгжүүлэх ажлаа эхэлж, зөвхөн үйлдвэр бариад зогсохгүй мэргэжилтэй
боловсон хүчин, ажиллагсдаа сургаж бэлтгэнэ. Бас Японоос өндөр
мэргэжилтэй инженерүүдийг удаан хугацаанд байлгаж, үйлдвэрийн ажиллагааг
жигдрүүлэх болно” гэлээ.

Хоёр улсын Засгийн газрын болон хувийн
компаниудын оролцоотой хэрэгжүүлэх энэхүү төслийн дагуу Дархан-Уул
аймагт хоногт 44 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай
үйлдвэр барих ажлыг энэ онд эхэлж, гурван жилийн дотор ашиглалтад
оруулахаар төлөвлөж байгаа аж. Нийтдээ 600 сая ам.долларын хөрөнгөөр
баригдах эл үйлдвэрийн санхүүжилтийг Монголын Засгийн газрын баталгааны
дагуу Японы Засгийн газрын банк болох Олон улсын хамтын ажиллагааны банк
гаргах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах
хэлтэс  мэдээлэв.       

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж