Байгаа бас цагаа олоогүй өршөөл

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

Байгаа бас цагаа олоогүй өршөөл

УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өнөөдөр нийгмийг хоёр хувааж, үл ойлголцол маргаан мэтгэлцээн үүсгэх шалтгаан болоод байгаа. Хэвлэл мэдээллээр ч энэ хуулийн талаар янз бүрийн зөрүүтэй мэдээлэл гарч, хууль хэнд үйлчлэх, хэдэн хүмүүжигч албан ёсоор суллагдах вэ гэдэг нь тодорхой бус байгаа юм.

Хаалттай хэлэлцсэн хууль болгоны араас иймэрхүү хардлага сэрдлэг дагалддаг нь зүй ёсны асуудал учраас тавдахь удаагийн Өршөөл үзүүлэх хуулиар ямар хэргүүд өршөөгдөх, мөн хэдэн хүн суллагдах вэ гэсэн албан ёсны тоо мэдээг энэхүү нийтлэлээр хөндөхийг хүслээ.

Өршөөлийн хууль батлагдах цаг нь мөн үү  

Монгол Улс 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 нийт таван удаа өршөөлийн хууль баталжээ. Улс орнуудын хувьд үндэсний том хэмжээний баяр ёслолыг тохиолдуулан Өршөөлийн хууль баталдаг бөгөөд ямар нэг улс төрийн зорилго агуулж хууль батлан гаргаж байсан тохиолдол байхгүй. Тэр тусмаа нэг намын баярыг тохиолдуулан Өршөөлийн хууль баталж байсан улс манайхаас өөр тоолоод ч гарч ирэхгүй гэхэд хэтийдсэн болохгүй юм. Өршөөлийн хуулийг ихэвчлэн хавар, эсвэл зун баталж гаргадаг олон улсын жишиг байдаг. Мөн эдийн засгийн хувьд тухайн улс орон ямар байгаа, ажилгүйдэл их байгаа эсэх, гэмт хэргийн гаралт буурсан уу гэдгээс шалтгаалан бүрэн нийгэмшээгүй, нийгмээс тусгаарлагдаж байсан иргэдийг өршөөх үү, үгүй юу гэдгийг шийддэг байна. Тэгэхээр өнөөдөр баталж гаргачихаад байгаа Өршөөл үзүүлэх хууль цаг хугацааны хувьд хэтэрхий буруу байсан гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Хоригдож байгаад гарч ирсэн иргэдийг хүлээж авдаг ажлын талбар нь барилга, хувийн хэвшил хоёр байдаг.

Гэтэл эдийн засгийн хувьд таагүй байгаа манай улсын хувьд энэ хоёр салбар үндсэндээ хасалт таналтын байдалд шилжчихсэн. Барилгын салбар худалдан авагч байхгүйгээс шинэ байр барих ажлаа зогсоочихсон. Хувийн хэвшил ажилчдаа цомхотгох бодлого барьсан энэ үед тэндээс гарч ирсэн иргэд хаана юу хийх вэ гэдэг нь хөндөх сэдвийн нэг яах аргагүй мөн. Халамж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нийгэмшүүлэх ажлыг хийнэ хэмээж байгаа ч өвлийн хугацаанд зүгээр л хооллож ундлаад байх байгууллага тийм ч олон гарахгүй болов уу.

Барилга, замын ажил зогсох цаг үеэр суллагдсан, тэгээд ч ажилгүйдэл ихэссэн ийм цагт гарч ирээд тэд гэмт хэрэг хийгээд эргэж орохгүй гэсэн баталгааг хэн ч өгөхгүй билээ. Таван удаагийн өршөөлийн хуулийн дараа ч бид ийм зүйлийг анхаарахгүй баталж байна гэхээр л бид хэтэрхий сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсаныг илтгэж байгаа юм. Өмнөх хуулиудын үеэр ч өршөөлөөр суллагдсан иргэдийн 30-аас багагүй хувь нь эргэж гэмт хэрэг үйлдээд хориход ордог гэсэн судалгаа байдаг бөгөөд энэ удаад ч тийм зүйл гарч мэдэх.

Тиймээс төр хэцүү нэртээс суллагдаж иргэдээ энэ өвлийн хугацаанд хэрхэн нийгэмшүүлэх, эцэг эх нь хүлээж авахгүй гэсэн иргэдийг хаана байршуулах, мөн олон жилээр таслагдсан, өнөөгийн нийгмийн хурдыг гүйцэхгүй иргэдээ хэрхэн нийгэмтэй танилцуулах вэ гэдэг ажлаа л юу юунаас илүүтэй анхаарах хэрэгтэй болоод байна. Хамгийн чухал зүйл ажлын байр гэдгийг энд онцлох нь илүүц биз. Эс тэгвээс хоригдлууд суллагдах нь харуул хамгаалалтаа сайжруулъя, харанхуй шөнөөр битгий яв гэх мэтийн айдас болгоомжлол нийгэмд бий болоод эхэллээ.

8000 хүмүүжигч суллагдах уу

Энэ бол ташаа мэдээлэл. Хаалттай хаалганы цаана улстөрчид хэд гэж цуурсаныг мэдэхгүй ч улстөрчдийн өгөөд байгаа шиг 8000-аараа суллагдах боломж байхгүй. Нэр бүхий гишүүд 3200 орчим хүмүүжигч суллагдана гэсэн мэдээлэл өгсөн ч энэ нь худлаа гэдгийг хуулийнхан хэлж байгаа юм. Мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргүүд энэ хуулиар хэрэгсэхгүй болох ч хамгийн ихдээ л 200-300 орчим хэрэг байгаа юм билээ. АТГ-т шалгуулж байсан 55 хэрэг, мөн цагдаа, шүүх дээр байгаа хэргээс орууллаа гэхэд л ийм тоо гарна.

Мөн хуулийн төслийн заалтад орсон өршөөл үзүүлэхгүй 29 төрлийн гэмт хэрэг, эдлэх ёстой ялаас нь хоёр жилийг хасах гэх мэтээр тоолоод явахад хөнгөн болон хүндэвтэр хэрэг үйлдсэн 700-800 орчим хүмүүжигч л энэ хуулиар суллагдах урьдчилсан тооцоо гарчээ. Хэцүү нэртэд олон жилээр сууж байгаа хүмүүс ихэвчлэн хүнд гэмт хэрэг, хүн амины хэрэг, танхай-хүндрүүлэх, залилан гэсэн зүйл ангиар ял авсан байдаг. Тиймээс улстөрчдийн ярьсан шиг ачааллаа дийлэхгүй байгаа хорих ангиуд суларч, эдийн засагт тэгтлээ үр ашиг өгнө гэсэн үг биш бололтой.

Төрийн тэргүүний үгэнд дурьдагдсанчлан танхайн гэмт хэрэг анх удаа үйлдээд хоригдсон олон зуун залуус, олон жил хүчирхийлэлд байж, эцэст нь балмад нөхрийнхөө аминд хүрсэн ээжүүд ч энэ хуулиар гарч чадахгүй. Тэр тусмаа эмэгтэйчүүд залилангийн гэмт хэрэгт холбогдох нь их бөгөөд хадгаламж зээлийн хоршоо, зээл олгох бизнес зэрэг ахуй амьдралаа өөд татахаар мөнгө санхүүтэй холбоотой бизнес эрхэлж байгаад дампуурч, эцэст нь хүн залилсан хэргээр ял сонссон байдаг аж.  Дээр хэлсэнчлэн олон жилийн зодуур, хүчирхийллийг тэвчилгүй хүний аминд хүрсэн эмэгтэйчүүд олон байдаг бөгөөд тэд бүгд л төрийн хайр энэрлийг хүлээж суусан нь дамжиггүй. Гэвч энэ удаагийн хууль мөн л тэднээс холуур өнгөрч байгааг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл онцолсон байсан юм. Согтуудаа зодоон хийж, хэн нэгэнд мэс хэрэглээд хамаг залуу насаа торны цаана өнгөрүүлж байгаа залуус ч өршөөх боломжгүй 29 заалт дотор орчихсон байгаа.

Өршөөлийн хуульд хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж дахир дутуу болсон хүмүүс, насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хүмүүсийн эдлээгүй үлдсэн болон нэмэгдэл ялаас хэлтрүүлэхээр тусгажээ. Өршөөл үзүүлэх хуулийг хэрэгжүүлэх комисс мөрдөн байцаах хэрэг бүртгэх шатнаас хэдэн хүн Өршөөлийн хуульд хамрагдах вэ гэсэн тооцоог нарийвчлан гаргах аж. Хэдийгээр Д.Ганбат гишүүнээр ахлуулсан комисс өчигдөр анхны хуралдаанаа хийж суллагдсан хүмүүжигчдийг гэрт нь хүргэх зардлыг батлах шийдвэр гаргасан ч хууль ингээд хэрэгжээд эхэллээ гэсэн үг биш.

Өршөөлд хамрагдах боломжгүй 29 зүйл заалт

Энэ хууль 2015 оны долдугаар сарын 02-ны өдрийн 24.00 цагаас өмнө гэмт хэрэг үйлдсэн зарим этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, захиргааны хариуцлага хүлээсэн этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх юм байна. Өршөөлд гэмт хэрэг үйлдэж цаазаар авах ял шийтгүүлэн, уг ял нь уучлагдан хорих ялаар солигдсон, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон этгээд хамрагдахгүйгээс гадна дараах гэмт хэргийг үйлдсэн этгээд мөн хамрагдахгүй байхаар хаалт хийж хязгаарласан байна.

Эдгээр 29 заалт дотор манайд огт гарч байгаагүй гэмт хэрэг ч их байгаа юм. Нөгөө талаар сүүлийн жилүүдэд манайд түгээмэл бүртгэгдэж байгаа албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангийг өршөөлд хамруулсан нь хууль энгийн иргэдэд биш эрх мэдэлтэнд зориулагдсан гэдгийг баталж байна гэх яриа гарах шалтгаан болсон билээ. Авлига албан тушаалын хэрэг нь ихэвчлэн албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн зүйл ангиар яллагддаг учраас энэ төрлийн гэмт хэргийг ялаас чөлөөлсөн нь Өршөөл үзүүлэх хуулийн үнэ цэнийг унагаж орхижээ.

Өршөөлд хамрагдахгүй 29.

1/ Эх орноосоо урвах,
2/ Тагнуул хийх,
3/ Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах,
4/ Зэвсэгт үймээн дэгдээх,
5/ Хорлон сүйтгэх,
6/ Хорлон саатуулах,
7/ Хүнийг санаатай алах,
8/ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах,
9/ Хүний цус, эд, эрхтэнг хууль бусаар авах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
10/ Хүн хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
11/ Хүнийг барьцаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
12/ Хүн худалдаалах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
13/ Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
14/ Хүчиндэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
15/ Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих,
16/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
17/ Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
18/ Зандалчлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
19/ Терроризм,
20/ Терроризмыг санхүүжүүлэх,
21/ Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,  
22/ Тэсэрч дэлбэрэх болон түргэн шатамхай бодисыг агаарын хөлөгт хууль бусаар авч явах,
23/ Галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, хар тамхи, мансууруулах буюу хордуулах, цацраг идэвхт, тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
24/ Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
25/ Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг хэрэглэх газар зохион байгуулах,
26/ Агаарын хөлөг авч зугтаах,
27/ Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
28/ Эрүү шүүлт тулгах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
29/ Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн бол хамрагдахгүй байхаар тусгажээ.

… Мөн дараах таван зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг нь хасаж байгаа юм.

1/ Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
2/ Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
3/ Бусдын эд хөрөнгийг хулгайлах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
4/ Бусдын эд хөрөнгийг булаах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар,
5/ Танхайрах -хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг.

Б.ӨНӨРТОГТОХ

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж