
Биеийн тамир, спортын тухай хуулийг санаачилснаас хойш өргөн барьчих хууль сэм хайж байтал уул уурхайн нөхөн сэргээлт хийдэггүйгээс болж байгаль орчин сүйрч байна гээд мань эр сонсчихож. Бодоод үзвэл өөрийнх нь бизнест ямар ч хамааралгүй тэр хуулийг санаачлаад батлуулчихвал алдар хүндийн тавцанд амархан гарчихаж болмоор санагдсан биз. Ингээд “Урт нэртэй” хуулийг санаачилжээ. Ямар ч тооцоо судалгаагүйгээр, сэтгэлийн хөөрлөөр гялс биччихсэн энэ хуулиас нь болж хэчнээн хүн хохирохыг ч тооцсонгүй. Хэдэн хүн ажилгүй болж, хэчнээн айл хоолгүй хонох нь УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэд юуны хамаа байх билээ. Ийм маягаар тэр төрийн бодлогод хандаж байна. Монголын ард түмний олонх нь түүнийг гүндүүгүй эр гэдэг. Гэтэл гүндүүгүй гэдэг нь тэнэг гэдэгтэй утга нэг болж. Уг нь “Сухомлинский гэдэг чинь кино жүжигчин бил үү” гэдэг шиг Б.Бат-Эрдэнэ Монголын улс төрд хэнсэн билээ. Ердөө долоон жилийн өмнө “УИХ гэдэг чинь нэг ангирхуу юм уу даа” гэсээр чуулганы танхимын хаалгаар хөлсөө арчин гарч ирсэн бүдүүн хадуун эр өнөөдөр зангиандаа ч, суудалдаа ч дасч буй бололтой. Ямар ч байсан наадмын дэвжээнд учраагаа хаяж чадахгүй ч санаачилсан хуулиа хамгаалж муйхарлан дайрч хурал хаяхтайгаа болсон байна шүү. Биеийн бяр, ухааны бяд нэг хүнд дутна гэдэг тун онцгүй харагддаг юм байна. Уг нь УИХ түүнээр хамгийн чухал Байнгын хороогоо хүртэл толгойлуулж үзсэн. “Улс төрийн брэнд” Ц.Нямдорж, “Харвардын бүтээгдэхүүн” Ц.Мөнх-Оргил зэрэг хууль, эрх зүйн салбарын акулуудыг захирах гэж ёстой холиож өгсөн. Ядахдаа тэр үед АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн асуудлыг хэлэлцэж байсныг хэлэх үү. Төд удалгүй ажлыг нь буцааж авахаас аргагүй болсон. Аварга эндээс улс төрд “арал, чац” аргагүй дутаж байгааг ойлгож үлдсэн байх л гэж найдахаас.
Баталчихаад байгаа “Урт нэртэй” хуульд нь нөхөн олговрыг өгч байж лицензийг цуцална гээд заачихсан байхад “Хууль хэрэгжүүлсэнгүй” хэмээн Засгийн газар руу архирч буй тэрбээр ядаж тоо бодож чаддаг л баймаар юм. Хурал хаяж байгаагаас нь харахад гар өргөж байгаа гишүүнийг лав тоолчихоод хэрэлдээд байна билээ. Гэтэл “урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхийн тулд лиценз эзэмшигчдэд олгох нөхөн олговрын хэмжээ л гэхэд наанадаж таван их наяд төгрөгт хүрнэ. Манай улсын бүтэн жилийн төсвийн орлого гурван их наяд 122.5 тэрбум төгрөг гээд бодохоор яаж нөхөн олговор олгоод, лицензийг нь хурааж хуулиа хэрэгжүүлнэ гэж бодсон юм бол. Эсвэл их хэлмэгдүүлэлтийг эдийн засгийн хэлбэрээр давтаж, төрийн сүр хүчээр дээрэм хийнэ гэж бодов уу. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд УИХ-ын баталсан энэхүү хуулиас болж амссан хохирлоо төлүүлэхээр Арбитрын шүүхэд хандвал Б.Бат-Эрдэнэ гишүүн лав хариуцлага хүлээхгүй. Монголын Засгийн газар буруутаж, татварт төлсөн иргэдийн мөнгөнөөс их хэмжээний зардал гаргаж төлбөр төлнө. Монголын төрд алтны хэдэн компанид өртэй болох л дутаж гэнэ. Ийм л хуулийг тэр санаачилж батлуулсан. Алдааг нь хэлээд өгөхөөр асч, архирч буй нь энэ.
“Уул уурхайн салбараа аваръя” хөдөлгөөнийхөн Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариугаа өнөөдөр авах учиртай. Гүйцэтгэх засаглалын тэргүүн бизнесмэнүүдтэй түншлэх үү, төмөр нударгаа харуулах уу гэдгийг энэ хариунаас харж болно. Хүссэн ч, эс хүссэн ч манай эдийн засгийн тэргүүлэх салбар нь уул уурхай юм. Тухайлбал 2009 оны байдлаар уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 471 сая ам.долларт хүрч, 2103 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолжээ. Үйл ажиллагаагаа хаалгасан аж ахуйн нэгжүүд алтаа Монголынхоо банкинд л тушаадаг. Харин Монгол Улсын хэмжээнд 2010 оны эцсийн байдлаар нийт алтны дийлэнх хэсэг буюу 75.9 хувийг Канадад, жоншны 75 хувийг ОХУ тус тус экспортолсон байна. Төр алт олборлогчдынхоо энэ гавьяаг нь үнэлж, “шагналд” нь 2010 оны долдугаар сард 254 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хурааж хохироосон.
Алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 130 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдний 80 орчим хувь нь арилжааны банкуудад тусгай зөвшөөрлөө барьж хөрөнгө босгосон байдаг. Алт олборлолтоос 38 тэрбум төгрөг улсын төсөвт орно гэж баталсан УИХ-ын нэр бүхий гишүүд төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргаж байгаагаа ухамсарлан бизнесмэнүүдэд хандан “Банкнаас хүүтэй мөнгө зээлж хөрсөнд булсан хохь чинь” гэсэн шийдвэр гаргаж төвдөхгүй арга буюу хуулийн төсөл санаачилсан. Тэгмэгц “Миний санаачилсан хуулийг батлаагүй байж дараагийн хуулийн тухай ярилаа” хэмээн муйхарлаж УИХ-ын Байнгын хорооны хуралдааныг хаяж гарсан эрхэм гишүүн Б.Бат-Эрдэнийг хэрхэн дүгнэхээ ард түмэн өөрсдөө мэднэ. Харин Монголын эдийн засгийн гарааны улирал эхэлчихээд байхад чимээгүй байсан хэрнээ зээл аваад ажлаа эхлэхээр нь төрийн сүр хүчийг үзүүлэн өмчид нь халдаж лацдан үйл ажиллагааг зогсоосон гэм зэмийг нь хуулийн байгууллага шийднэ.
Монголбанкнаас уг хуулийн үйлчлэлээр үйл ажиллагааг нь зогсоосон аж ахуйн нэгжүүд арилжааны банкуудад хэр хэмжээний зээлтэй болохыг ч судалж үзсэн. Тэдний нийт зээлийн хэмжээ 160 тэрбум төгрөгт хүрээд байна гэдгийг салбарын сайд нь олон нийтэд мэдээлж байсан. “Анод”, “Зоос”-ын дампууралд улстөрчид далд нөлөө үзүүлж байсан бол энэ удаа хууль баталж байгаад ил цагаанаар бусад банкуудад эрсдэл учруулж эхэллээ. Үүнийг ухамсарласан зарим нь “Урт нэртэй” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан.
Одоо хэлэлцүүлэхээр зэхэж буй “Урт нэртэй” хууль /албан бус нэрээр/ -д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь зургаан зүйлтэй. Хуулийн төслийн нэгдүгээр зүйлд заасан “Хуучин улсын үйлдвэрийн газрууд, уул уурхайн үйлдвэрлэлээс нөхөн сэргээлт хийлгүй орхисон газруудад тооллого явуулж, нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ, тооцох аргачлалыг Засгийн газар тогтооно”, мөн “Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт заасан хилийн заагт хамрагдаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу газрын нөхөн сэргээлтийг бүрэн хариуцна” гэсэн 5.2, 5.3 дахь хэсгийг тус тус нэмэхээр тусгажээ. Түүнчлэн хуульд агуулгын хувьд тохирох “хориглох” гэсний өмнө “хязгаарлаж” хэмээн нэмж оруулан тавдугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг “Энэ хуулийн 4.1-д заасан хилийн заагт хамрагдаж байгаа нөхөн сэргээлт хийлгүй орхисон газруудад тухайн ашиглаж байсан компаниудаас төлбөр авах замаар нөхөн сэргээлтийн ажлыг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлнэ” хэмээн өөрчлөн найруулжээ. Мөн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэснийг “газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж, дээрх зүйлийн 4.5 дахь хэсгийн “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэснийг “хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй” гэж тус тус өөрчилсөн байна. Хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг буюу “Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар олгоно” гэсэн хэсгийг хасахаар болжээ.
Ийм хуулийн төслийг эсэргүүцэж байгаа эрхэм гишүүнийг “Эх оронч” гэх үү. “Аварга гишүүн” цолоо эвтэйхэн хадгалаад “Нутгийн салхи” ч бил үү хөдөлгөөнөө удирдаад, биеийн тамирын багш нарыг баярлуулаад явж байгааг нь хэн ч буруутгадаггүй. Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд хөдөө аж ахуйн бирж байгуулж малын гаралтай түүхий эдийг худалдан авахад зориулж хөнгөлөлттэй зээл олгосныг нь ч хардаж сэрддэггүй. Чингис хаанаар бизнес хийж, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хятадууд, өвөрмонголчуудтай хэлэлцээр хийснийг нь ч зөвөөр ойлгохыг хичээдэг. Харин бизнесмэнүүдэд хохирол учруулж, арилжааны банкуудыг бөөнөөр нь татан унагаж, эдийн засгийг сүйрүүлэх гэж буйг нь дуугүй хараад сууж чадсангүй. Эсвэл банк дампуурах нь Б.Бат-Эрдэнэд юуны хамаа юу.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин