ДАШТ: 66 кг-д 71 бөх зодоглоно

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

ДАШТ: 66 кг-д 71 бөх зодоглоно

Казахстаны Астана хотноо болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхлэхэд цөөн хоног үлдлээ. Наймдугаар сарын 24-30-ны хооронд үргэлжлэх жүдо бөхийн ДАШТ-д 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 тамирчин тус бүр долоон жинд аваргаа тодруулна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу 08 сарын 25-нд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд нийт 54 орны 71 бөх хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлээд байна.

Энэ жингийн бөхчүүдийг ДАШТ-ий иж бүрэн медальтай Украины алдарт бөх Георгий Зантария тэргүүлэн барилдах бөгөөд дүрэм ёсоор сугалааны А хэсгийг тэргүүнд бичигдэх юм.

Харин В хэсгийг чансааны №4 Беларусийн Демитри Шершан, №5 дэлхийн гурван удаагийн аварга Японы Масаши Эбинүма нар багтахаар болсон.

С хэсгийг өнгөрсөн оны дэлхийн дэд аварга ОХУ-ын Михайл Пульяев тэргүүлэх бөгөөд чансааны №6 Японы Кенго Такаичитэй нэг хэсэгт учраа таарах нь тодорхой болсон.

Түүнчлэн чансааны гуравдугаарт эрэмблэгдсэн манай ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг D хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд Их Британы Кольн Оатестай нэг хэсэгт хуваарлагдахаар болсон.

Мөн энэ жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, жүдо бөхийн анхны дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар зодоглоно. Тэрбээр Лондонгийн олимпийн наадмаас хойш анх удаагаа 66 кг-д зодоглохоор болоод байгаа ба энэ жингийн гол сюрприз нь байх биз ээ.

Б.ЭНХ
 

ЭХ СУРВАЛЖ: Монголын жүдо бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж