ATR 42
Фото: сайт Trigana Air Service
Ням гарагт сураггүй болоод байсан Trigana Air Service компанийн иргэний агаарын тээврийн онгоц унасныг олсон тухай Индонезийн Тээврийн яамны төлөөлөгчийн мэдэгдлээс ишлэн Reuters агентлаг дамжуулжээ. Сүйрсэн онгоцны хэсэг Папуа мужийн Октабе тойргийн нутгаас олдсон байна. ATR 42-300 онгоцонд 49 зорчигч, багийн таван гишүүн явжээ. Папуа мужийн засаг захиргааны Жаяпур хотноос ниссэн онгоц Оксибил хотоос 25 км-ийн зайтай уул мөргөн унасан бололтой гэж Индонезийн Detik портал мэдээлэв. Энэ хоёр хот нь Шинэ Гвинейн арлын нутаг дэвсгэрт багтдаг.
Өмнө нь мэдээлсэнчлэн Associated Press агентлагийн мэдээнд уг онгоц хөөрснөөс 33 минутын дараа түүнтэй холбоо тасарсан гэж Индонезийн Тээврийн яамны төлөөлөгч Жулиус Барата (Julius Barata) хэлсэн байна. Ням гарагийн орой, эрт харанхуй болсон мөн эрлийн бүсэд цаг уурын нөхцөл хүнд зэргээс сураггүй болсон онгоцны эрлийг өглөө хүртэл хойшлуулсныг зарласан юм.
Trigana Air Service компани нь зөвхөн дотоодын нислэг хийдэг бөгөөд 50 хүний суудалтай долоон ATR 42-300, гурван ATR 72-202 хоёр Boeing 737-200-A, ачааны гурван Boeing онгоцнуудтай ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР