Залуучуудын ДАШТ-ээс медальгүй хоцорлоо

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

Залуучуудын ДАШТ-ээс медальгүй хоцорлоо

2015 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр Бразил улсын Салвадор-да-Бахиа хотын “Pan American Judo Center” спортын ордонд 6 өдөр үргэлжилж өндөрлөлөө.


Өчигдөр эрэгтэй чөлөөт бөхийн 55, 66, 84, 120 кг-ын жингүүдийн барилдаан болж, тэмцээн дууслаа. Тэмцээний 55 кг-ын жинд З.Занабазар хоёр өрсөлдөгчөө төвөггүй хожиж, Энэтхэгийн бөх К.Кумартай мөнгөн медалийн төлөө барилдаан хийхдээ зүүн хөлд нь алдлан орж дэвжээтэй шахан эргүүлэх мэх хийж, эхний үед 8:0 онооны харьцаагаар ялав. Гэвч хоёрдугаар үед давхар хамуулж дэвжээнээс түрж гаргуулан, улмаар барилдаан дуусахад 8 секунд дутуу байхад 1 оноо алдаж, 9:9 оноогоор ялагдан, хүзүүндээ зүүлттэй байсан мөнгөн медалийг алдлаа.

Өрсөлдөгч нь чацаар өндөр, урт гартай, хоёр хөлд зайнаас явдаг, зуурсан барилдаанд сайн, их уян хатан бөх байлаа. Тэгээд ч манай бөхийг өрсөлдөгчийнхөө зүүн хөлд нь явж бөгсөөр нь суулгаж лавтай 2 оноо авах үед нь шүүгч шүгэл үлээж барилдааныг зогсоосон нь барилдааны эцсийн дүнд нөлөөлсөн. З.Занабазар хүрэл медалийн төлөө барилдаанд сэтгэлээр унасан байсан уу, идэвхгүй барилдсан. Ур чадвар нь эрс өсч хөгжөөн дэмжигчдийн хараанд өртөөд байгаа залуу бөхийн хувьд энэ тэмцээн гашуун сургамж болсон байх.

Эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Азербайжаны бөхчүүд 4, Ираны бөхчүүд 2, АНУ, ОХУ-ын бөхчүүд тус бүр 1 алтан медаль хүртжээ. Багийн дүнгээр Азербайжан, Иран, ОХУ-ын багууд эхний гурван байранд оржээ. Манай бөхчүүд түр завсарлаад, залуучуудын ДАШТ-нд 2007 оноос хойш завсаргүй оролцож ирэхдээ дандаа медальтай ирж байсан. Гэтэл энэ жил медалийн буухиа тасарлаа. Бразил улс далайн чанадад хол оршдог, 1 хүний зардал 8 сая төгрөгөөс давж байснаас шүүгчгүй, цөөхүүлээ оролцсон нь манай багийн амжилтанд нөлөөлсөн байх.

БАРИЛДААНЫ ДҮН: /Сүүлийн өдрийн барилдаан/


55 кг

1. Манир Амирасланов /Азербайжан/
2. Ками Кумар /Энэтхэг/
3. Бадрудинов Хасанхусейн /ОХУ/
3. Стеван Мисис /АНУ/
5. Занданбудын Занабазар /Монгол/

  • Энэ жинд 18 бөх барилдаж З.Занабазар нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт украиний бөх Тарас Марковичтай таарч 0:1, 7:2, гуравдугаар тойрогт гүржийн бөх Эдеми Волквазег 2:1, 10:0 онооны харьцаагаар дараалан ялж мөнгөн медалийн төлөө энэтхэгийн бөх Рами Кумартай барилдаж 9:9 онооны харьцаагаар дийлджээ.

66 кг

1. Тимур Маммадов /Азербайжан/
2. Юхи Фужинами /Япон/
3. Арон Пико /АНУ, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Заурбек Сидаков /ОХУ/
 

84 кг

1. Голейж Можтаба /Иран/
2. Дзианис Крамианко /Беларусь/
3. Арсен Мусалалиев /ОХУ/
3. Илисхан Чилаев /Казахстан/
13. Ганбатын Бигармижид /Монгол/

  • Энэ жинд 21 бөх барилдаж Г.Бигармижид нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх Крузтоф Садовиктай таарч 1:1, 2:6 онооны харьцаагаар дийлджээ.

120 кг

1. Саид Гамидов /Азербайжан/
2. Амин Танери /Иран/
3. Натан Бютнер /АНУ/
3. Юнис Деде /Турк/
 

Д.ӨЛГИЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж