“Бостон Брунс” Стэнлийн цомд тэнцэл авчирлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.09-нд нийтлэгдсэн

“Бостон Брунс” Стэнлийн цомд тэнцэл авчирлаа

Ердөө гуравхан хоногийн өмнө “Бостон Брунс” 2-0-ээр хожигдсон амжилттайгаар төрөлх хотдоо ирж байсан бол өнөөдөр тэд цуврал эрт шийдэгдэхгүй гэдгийг батлан харууллаа. Цувралын дөрөв дэх тоглолтыг талбайдаа хийсэн “Бостон Брунс”-ын шүтээн, алдрын танхимын гишүүн Бобби Орр, Натан Хортоны 18 дугаартай тугийг залснаар Стэнлийн цомын төлөөх цуврал дөрөв дэх тоглолт хөшгөө нээлээ. Өнгөрсөн жил “Атланта Трашерс” багаас солилцоогоор ирсэн Рич Певерли Хортоны оронд гараанд Дэйвид Крэйчи, Милан Лючиж нарын хамтаар гарсан. Дасгалжуулагчийнхаа итгэлийг хүлээсэн довтлогч нэгдүгээр үеийн хагаст тооны харьцааг нээжээ. Хөх шугамнаас Крэйчигийн өгсөн дамжуулалтыг Раффи Торрес хүлээн авахдаа алдаа гаргасан ч энэ нь Певерлид ашигтай нөхцөлийг бүрдүүлж, хаалгачийн эсрэг ганцаараа гарсан Певерли тоог 1-0 болгожээ.  Хоёрдугаар үеийн 12 дахь минутад эсрэг багийн довтолгоог няцаасан “Брунс” сөрөг довтолгоонд шилжиж, улмаар Тайлон Сэкүний дамжуулалтаар Майкл Райдр тооны харьцааг 2-0 болгожээ. Райдерийн багийнхаа цомд хүрэхэд оруулж байгаа долоо дахь гоол нь энэ байлаа. Харин энэ гоолоос хоёр минутын дараачаар дөрвийн эсрэг дөрвүүлээ тоглоход “Бостон” онооны давуу байдлаа бататгалаа. Патрийс Бергерон Брад Марчанд нарын хослол амжилттай болсноор Луонгогийн хаалганд гурав дахь гоолыг орууллаа. Энэ үед ордон тэр чигээрээ Луонго хэмээн орилж байлаа. Учир нь “Ванкувер”-ын бүх одод хаалгач талбай дээрээ цөөхөн гоолыг алдаж байсан бол Бостонд ирээд хоёр тоглолтод 11 гоол хаалгандаа алдаад байгаа юм. Төгсгөлийн үеийн дөрөв дэх минутад Рич Певерли өөрийн хоёр дахь гоолоо өрсөлдөгчийнхөө хаалганд оруулснаар “Бостон Брунс” тус тоглолтод 4-0 харьцаатай “Ванкувер Канукс”-ыг буулган авсан юм. Энэ гоолын дараагаар Луонго сууж, сэлгээний хаалгач Кори Шнайдэр гарч ирснээр нэмж гоол ороогүй. Ийнхүү талбай дээрээ 12-1 гэсэн гоолын  харьцааг үзүүлснээр “Бостон” цувралыг 2-2 болгон тэнцүүллээ. “Брунс” зургадугаар сард ийм өндөр темптэй тоглолтыг түүхэндээ хийж байгаагүй ч давуу тал “Ванкувер”-т хэвээр байна. Канадын баг тав дахь тоглолтыг талбайдаа хүлээн авна.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж