Хирошима 1945 оны наймдугаар сарын 6-ны дараа.
Фото: РИА Новости / архивын фото
Хирошима, Нагасакийг атомын бөмбөгөөр бөмбөгдсөний дараа 1945 онд Японд цөмийн цуврал цохилт хийхээр арав гаруй цөмийн цэнэг бэлтгэж байсан нь архивын материалаас тодорхой боллоо хэмээн “The Daily Best” сонинд бичжээ.
Тухайлбал, 1945 оны наймдугаар сарын 13-нд Марианы арлууд дээр гурав дахь цөмийн бөмбөгийг угсарч бэлэн болгосон байжээ. Илүү хүчтэй цохилт өгөхүйц тэр бөмбөгийг наймдугаар сарын 19-нд хэрэглэхээр төлөвлөсөн байжээ.
Атомын цохилт өгөх байнуудыг 1945 оны хавар байгуулсан цэргийн тусгай хороо тогтоож байсан ба бөмбөгдөх хотуудын жагсаалтад Киото, Йокогама, Кокура, Ниигата, Токио багтсан байв. Бусад өөр төрлийн цохилтод бараг нэрвэгдээгүй хот сууринг сонгосон байжээ. Японд цөмрөн оролгүйгээр дэд бүтцийг нь устгах зорилгоор цөмийн цохилтуудыг хийнэ гэж төлөвлөсөн байж.
Өөр 12 цөмийн бөмбөгийг бэлэн болгохоор үйлдвэрийн дамжлагад оруулан бэлтгэж байжээ. Японы хоёр хотыг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн ч япончууд эцсээ хүртэл тулалдана гэж Америкийн командлал үзэж байжээ.
Дайны төгсгөлийг хурдасгах үүднээс америкчууд 1945 оны наймдугаар сарын 6 ба 9-нд Японы Хирошима, Нагасаки хотуудыг цөмийн бөмбөгөөр бөмбөгдсөн юм. Тэр бөмбөгдөлтийн улмаас Хирошимагийн 80 мянга орчим хүн, Нагасакийн 60 мянга орчим хүн амиа алдсан бол бөмбөгдөлтөөс хойш таван жилийн дараа Хриошимад нас барсан хүний тоо 200 мянгад хүрчээ. Мөн энэ хугацааны дотор Нагасакийн 140 мянган хүн үрэгджээ.
1945 оны наймдугаар сарын 15-нд Япон дайнд бууж өгснөө зарласан юм. Энэ шийдвэрт нь атомын бөмбөгдөлтийн гүйцэтгэсэн үүрэг, тэрхүү ажиллагааг хийх шаардлага байсан эсэх талаар өнөөдөр ч маргаан өрнөсөөр байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР