ACEM-ын зочид буудлуудын санхүүжилт хүлээгдсээр

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

ACEM-ын зочид буудлуудын санхүүжилт хүлээгдсээр

Монгол Улсад 2016 оны долдугаар сард Ази Европын дээд түвшний уулзалт буюу ACEM болох гэж байна. Энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтад оролцохоор 4000 гаруй зочид, төлөөлөгчид Монголд айлчилна хэмээн тооцоолж буй. Мэдээж энэ олон тооны зочдыг хэрхэн хүлээж авах, хаана байрлуулах вэ гэх асуудал юун түрүүнд тулгарна. Энэ талаар бид сурвалжиллаа.


Дээд хэмжээний чуулга уулзалтын зочдыг нэгдсэн байдлаар, өндөр хэмжээнд хүлээж авахаар хэд хэдэн ажлын хэсэг гарган, ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхний мэдээлж буйгаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон зочид буудлуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж ACEM-ын төлөөлөгчдийг байрлуулахаар болсон.

Ингээд зочид төлөөлөгчдийг хүлээж авахад одоо үйл ажиллагаа явуулж буй томоохон зочид буудлуудад зээл олгож дэмжих нөхцөлтэйгөөр нэгдсэн зохион байгуулалт хийхээр болсон юм. Урьдчилсан тооцоолллоор бол ACEM-ын төлөөлөгчдийг хүлээж авахад 44 зочид буудлыг зохион байгуулалтад оруулна. Харин олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг байрлуулах өндөр хэмжээний буудлыг Их Тэнгэрт барьж байна. Тэгвэл эдгээр ажил ямар шатандаа явж байна вэ?

Төлөвлөгөө ёсоор бол зочид буудлуудыг тохижуулж, ACEM-д бэлтгэхэд 150 тэрбум төгрөгийг банкны зээлээр олгох учиртай. Нарийвчилбал, нэг зочид буудалд дээд тал нь 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн үг.

Нийтдээ 44 зочид буудалд зээл олгож, тохижуулснаар дээд хэмжээний чуулгын зочдыг хүлээн авна. Энэ 44 зочид буудлын ихэнх нь өдгөө үйл ажиллагаа явуулж буй томоохон газрууд юм. Тухайлбал, “Shangri-La”, “Blue Sky”, “Best Western Premier Tuushin”, “Улаанбаатар”, “Баянгол”, “Corporate”, “Continental”, “Puma Imperial” гэх мэт томоохон зочид буудал багтана. Дээрээс нь ирэх онд ашиглалтад орох хэд хэдэн зочид буудлыг үүнд багтаажээ.

Төлөвлөгөө ёсоор бол зочид буудлуудыг тохижуулж, ACEM-д бэлтгэхэд нийтдээ 150 тэрбум төгрөгийг банкны зээлээр олгох учиртай. Нарийвчилбал, нэг зочид буудалд дээд тал нь 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн үг. Энэ мөнгөөр ACEM-ын төлөөлөгчдийг хүлээн авахад шаардлагатай тохижилт, үйлчилгээг хийх юм.

Гэхдээ одоогоор энэ ажил үндсэндээ зогсжээ. Уг нь зочид буудлууддаа нэн тэргүүнд зээл олгож, санхүүжилтийг шийднэ. Ингээд тухайн санхүүжилтээр тохижилт, засвар үйлчилгээ, сургалтын ажлыг эхлүүлэх байтал журмыг нь одоог хүртэл боловсруулаагүй байна. Үүнийг дагаад зээлийн асуудал ч зогссон гэх тайлбарыг Зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат өгсөн юм. Тэрбээр “Нэн тэргүүнд зээлийн журмыг гаргах учиртай. Түүний дагуу зочид буудлууд зээлээ авна. Гэвч энэ зээлийн асуудал одоогоор албажаагүй байна. Тиймээс энэ ажил үндсэндээ зогсолтын байдалтай байгаа” гэв.

Ямартай ч бэлтгэл ажлын гол хөшүүрэг болох санхүүжилтийн асуудал шийдэгдээгүйгээс ажил түр зогсчээ. Хэрвээ зээлийн журам гарчихвал Сангийн яам, Төрийн банкаар дамжуулан зээлийг зочид буудлуудад олгоход асуудалгүй аж. Энэ мөнгөөр дээрх зочид буудлууд ор дэр, цагаан хэрэгсэл, аяга таваг, харуул хамгаалалтаас эхлээд бүх тохижилтоо хийнэ. Мөн олон улсаас мэргэжлийн тогооч, менежерийг урьж сургалт явуулах юм байна. Ийм хөнгөлөлттэй зээлийг 44 зочид буудалд олгоно. Гэхдээ зүгээр өгөхгүй. 3-5 жилийн хугацаанд, есөн хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр тооцоолжээ. 44 зочид буудлын ажил нэг иймэрхүү явцтай байна.


Олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын зэрэг өндөр түвшний зочдыг дээрх 44 зочид буудалд байрлуулахгүй юм. Тэдэнд зориулан тусгайлсан зочид буудлыг хотын захад барьж байгаа. Их тэнгэрийн аманд баригдаж буй эко буудлуудад олон орны өндөр түвшний зочдыг байрлуулахаар бэлтгэж байгаа аж. Одоогоор эдгээр буудлуудын барилгын ажил үргэлжилж байна.

Ямартай ч ACEM-ын зочид буудлуудад хөнгөлөлттэй зээлийг цаг тухайд нь олгоод өгчихвөл шаардлагатай тохижилт, сургалтыг зохион байгуулчихна. Ингээд 44 зочид буудалд 3586 өрөө, 5379 ортойгоор ACEM-ын төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн болох юм байна.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж