Үнэт зүйлээ өөрсдийнхөө гараар булшилсан АН

Хуучирсан мэдээ: 2015.08.17-нд нийтлэгдсэн

Үнэт зүйлээ өөрсдийнхөө гараар булшилсан АН

Үнэт зүйлээ өөрсдийнхөө гараар булшилсан АН

“Ардчилалын 25 жилийн ойд зориулав” хэмээн цагаан малгай өмсгөсөн Өршөөлийн хуулийг өнгөрсөн долоо хоногт баталснаар 25 жилийнхээ үнэт зүйл, өөрийн гэсэн гол имижээ иргэдийнхээ итгэл найдвартай хамт Ардчилсан нам “авсанд” хийгээд булшилчихлаа.

Уг нь энэ намын гол имиж нь "Авлигын эсрэг" гэсэн энэ хоёр үг байв.

Засгийн эрхэнд гарснаасаа хойш эрх мэдэл, хөрөнгө мөнгөө булаацалдан тамираа тасартал зодолдож байгаа тус намынхан унах нүхээ уралдан ухах биш хамтдаа ойчих хамгийн том нүглээ үйлдэв.

Өмнөд Солонгос улсад өдөлсөн өвлийн улс төр яван явсаар эцэстээ эрх мэдлээ булаацалдсан АН-ын дотоод тэмцэл, АН, МАН-ын хагарлыг ашиглан Монголын хуулийг засгаар нь барьцаалсан Н.Энхбаярын холын шуналыг богино зайны тоглолтдоо хэт улайрсан АН-ын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь бүлэг нь, намын дарга нь, Ерөнхий сайдтайгаа бүгдээрээ нийлээд ч харж чадсангүй.

МАН-ыг засгаас хөөж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх хэрэггүйг төрийн тэргүүн удаа дараа сануулсаар байтал бусдын хавханд гүйгээд орчихсон Ардчилсан намын даргад өнөөдөр уйлах ч багадаж байгаа биз. Хэрэв АН-ын дарга улс төрийн том стратегич мөн байсан бол барын аманд засагтайгаа, намтайгаа гүйгээд орох богино зайны улс төр хийхгүй байлаа.

Энэ удаад Ч.Сайханбилэгийг  З.Энхболд биш З.Энхболдыг намтай нь, засагтай нь Н.Энхбаяр буланд шахчихлаа гэж харагдаж байна.

Ардчилсан намыг засаглах үед авлигачдыг өршөөсөн хууль баталсан нь Монголын төрд цаашдаа ямар гарз, хохирол авчрахыг таашгүй. Гэвч, “Монгол Улс авлигачдаа өршөөсөн” тухай ганцхан өгүүлбэр дэлхийд монголчуудыг “муухай дээр нь улам л улцан харагдуулж” байгаа нь лав. Энэ ганц өгүүлбэр Монголд хөрөнгө оруулалт хийхээр хүлээгдэж байсан олон зуун тэрбум ам.долларын урсгалыг царцааж, олон арван хөрөнгө оруулагчийг буцаж явахад хүргэнэ гэж мөрийцсөн ч алдахгүй.

Сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа ДНБ-ийн 40 хувьтай тэнцэх нуугдмал хөрөнгийг ил болгох, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн залуучууд, хөнгөн, хүндэвтэр хэргүүд, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд зэрэг хүмүүст өршөөл үзүүлэх зорилготойгоор анх өргөн барьсан энэ хууль Өмнөд Солонгосоос өгсөн даалгаврын дагуу өнгө зүсээ өөрчлөн батлагдана гэж өргөн барьсан Засгийн газар нь ч зүүдлээгүй байсан биз.

Ардчиллын үзэл баримтлалыг дагаж ирсэн, хорин таван жилийн турш энэ үзэл бодолдоо үнэнч байсан энгийн иргэд, жирийн гишүүд өдрөөс өдөрт Ардчилсан намаас холдож байна. Авлигачдыг өршөөсөн энэ хуультай хамт ардчиллыг дэмжигч хэдэн мянган хүн энэ намыг одоо жигшиж байна.

Монгол Улс 2006, 2009 онд Өршөөлийн хууль баталж, бизнес эрхлэгчид болон гэмт хэрэгтнүүддээ боломж олгосон байдаг. Өмнөх Өршөөлийн хуулиудаар Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилсан гэмт хэргийн ангиллаас хөнгөн хүндэвтэр болон болгоомжгүй гэмт хэргийг анх үйлдсэн хүнийг өршөөдөг байсан бол энэ удаагийн хаалттай дэгээр хэлэлцэн, олны нүднээс далд баталсан Өршөөлийн хуулийг улстөрчид өөрсдөдөө зориулав уу гэж хардах үндэслэл олон байна. Үүнийг ч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж “Хэлэлцүүлгийн эцсийн хоёр хоногт энэ хууль орвонгоороо эргээд, гадагшаа иргэддээ чиглэх ёстой байсан хууль маань өөрсөддөө зориулсан хууль болоод явчихсан. Тиймээс би Өршөөлийн хууль дээр татгалзсан санал өгсөн” хэмээн ярьжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөн баасан гаригт Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдлээ. Тэрбээр Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцож үг хэлэхдээ “Авлигачид цагаадаж байгаа тэр цаг мөчөөс эхэлж Монголын төр харлана. Бид тэгж төрөө харлуулмааргүй байна. Бидний өвөг дээдсийн түүхтэй төр. Шударга явж ирсэн төр. Бид нэгэн цаг үед, богинохон цаг үед ажиллана. Бид энэ үед л үүргээ биелүүлэх хэрэгтэй. Бид төрийн алтан гагнаас, нэг гинж нь болон ажиллаж байгаа энэ үедээ л ажлаа хийгээд бууж өгөхгүй цаашаа явах үүрэгтэй” гэдгийг ч хуулийнханд сануулсан юм.

Энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан үед ээлжит бус чуулган дахин зарлаж хуралдуулахаа УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн тавьсан хориг УИХ-аар хэлэлцэгдэх үед “Эх оронч”-оо гайхдаг улстөрчид хэр шударга хүмүүс болохоо харуулах биз.

Камерын өмнө авлигачдыг, авлигыг үзэн яддаг улстөрчид, эдийн засагт ашигтай болгоныг эсэргүүцэж унагадаг эх орончдын үнэн төрхийг энэ хууль харууллаа гээд хэлчихвэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз ээ.

Өршөөлийн хуулийг бүхэлд нь буруутгаж байгаа хүн байхгүй. Гэхдээ энэ хуулийг батлахад оройлон оролцсон АН өөр намын барьцаанд орж, авлигачдыг өршөөсөн хууль баталж байгаа нь өөрөө гутамшиг юм. Ардчиллын үзэл баримтлалыг дагаж ирсэн, хорин таван жилийн турш энэ үзэл бодолдоо үнэнч байсан энгийн иргэд, жирийн гишүүд өдрөөс өдөрт Ардчилсан намаас холдож байна. Авлигачдыг өршөөсөн энэ хуультай хамт ардчиллыг дэмжигч хэдэн мянган хүн энэ намыг одоо жигшиж байна.

Очиж очиж Ардчилалын 25 жилийн ойн дээрээ авлигачдыг өршөөсөн хууль баталж, үнэт зүйлээ өөрсдийнхөө гараар булшилж байгаа Ардчилсан намын хувь заяанд гүнээ харамсал илэрхийлэхээс аргагүй байна.

Ж.НЯМСҮРЭН

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж