Угсраа автобус үйлчилгээнд гарлаа

Хуучирсан мэдээ: 2015.08.15-нд нийтлэгдсэн

Угсраа автобус үйлчилгээнд гарлаа

Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн давхцлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний шинэчилсэн төлөвлөлтийг өнөөдрөөс хэрэгжүүлж байна.

Тодруулбал, өнөөдрөөс эхлэн Таван шараас Энхтайвны өргөн чөлөө, Офицеруудын ордон хүртэлх замаар 18.7 метр урттай есөн угсраа автобус үйлчилж эхэллээ.

Мөн дээрх замын дагуу долоон чиглэлийн их багтаамжийн 170 автобус, троллейбус үйлчлэх бөгөөд үүний 20 нь угсраа байх юм. Харин хотын баруун хэсгээс Таван шар, Саппоро хүртэл, зүүн хэсгээс Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр зургаан чиглэлд их багтаамжийн 52 автобус үйлчлэх аж. 

Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Биокомбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох, Баруун түрүү зэрэг 13 чиглэлд их багтаамжийн 38, дунд багтаамжийн 30 автобус үйлчилнэ.

Дээрхээс бусад 30 чиглэлд хуучин маршрутаар их багтаамжийн 500 автобус үйлчлэх аж. Шинэчилсэн төлөвлөлтөөр дамжих иргэдийн төлбөрийн асуудлыг цахим картын системтэй уялдуулж, карттай иргэд 30 минутын дотор хоёр дахь автобусанд үнэгүй зорчихоор тусгажээ.

Оюутны нийтийн тээврээр үйлчлүүлэх карт 3200 төгрөгийн үнэтэй байх бөгөөд хэвлэж дууссан тул удахгүй хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн олгож эхлэх ажээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж